Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл батлууллаа
Нийтэлсэн: 2018-05-10

        Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Түүнчлэн 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ногдуулсан гаалийн албан татварыг аж ахуйн нэгжид буцаан олгох заалтыг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд тусган зохицуулахаар холбогдох төслийг боловсруулжээ. Мөн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу төслийн 1 дүгээр зүйлд “гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалттай мод” гэж нэмж тусгах, олонхийн дэмжлэг авсан бусад саналыг нэмж тусган хуулийн төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ. Төслийн 1 дүгээр зүйлд “гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалттай мод” гэж нэмж тусгах, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналыг нэмж тусган хуулийн төслийн эцсийн хувилбарыг боловсруулсан болохыг О.Батнасан гишүүн танилцууллаа. Иймд хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Дараа нь хуулийн төслүүдийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 62 хувь нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг дэмжив. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон 50 гишүүний 62 хувь нь дэмжиж баталлаа. Хуулиудыг баталснаар импортоор оруулж ирж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSB), стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийц, гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалттай модыг гаалийн албан татвараас, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж ирж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSB), стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийц, гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалттай модыг НӨАТ-аас 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус чөлөөлөх юм.

         Анхны хэлэлцүүлгээр хуулийн төслүүдийг батлав

Хуралдаанаар үргэлжлүүлэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төсөлд 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ногдуулсан гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг аж ахуйн нэгжид буцаан олгохтой холбоотой зохицуулалтыг тусгасан гэлээ. Мөн Төсвийн байнгын хороогоор төслүүдийг хэлэлцэх үеэр анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг гишүүдийн олонхи дэмжсэн байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслүүдийг анхны хэлэлцүүлгээр ньбатлуулах горимын саналыг дэмжсэн тул Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 56 хувь нь дэмжснээр уг хууль батлагдсан бол Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг гишүүдийн 66 хувь дэмжин баталлаа. Үүний үр дүнд ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSB), стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийн үйл ажиллгаа явуулдаг ахуйн нэгжүүдэд 2018 оны хугацаанд төлсөн гааль, НӨАТ-аа буцаан авах нөхцөл бүрдэж байна.

Өнөөдрийн чуулганы хуралдааны төгсгөлд Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, анхны хэлэлцүүлгээр батлуулах нь зүйтэй хэмээн олонх нь дэмжсэн байна. Ингэснээр Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад гишүүд 68 хувийн саналаар дэмжин баталснаар Пүрэв гарагийн чуулганы хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.