МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
2015 онд НҮБ-ын дээд хэмжээний чуулганаар хүн төрөлхтний хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх тогтвортой хөгжлийн 17 үндсэн зорилтыг баталсан. Харин Монгол Улс ирээдүй хойч үеийнхээ амьдралыг баталгаажуулах зорилгоор “Ногоон хөгжлийн бодлого“ болон “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030“ зэрэг бодлогын баримт бичгүүдийг батлан эдийн засаг, нийгмийн хөгжлийн байгаль орчны чадавх, нөөц, даацад тохируулан явуулах бодлогыг боловсруулсан билээ. Энэхүү бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2016-2020 оны мөрийн хөтөлбөртөө “Сөрөг нөлөөгүй, үр ашигтай дэвшилт технологийг нэвтрүүлж, усыг дахин ашиглахыг дэмжин, хаягдлыг дахин боловсруулах ногоон хөгжлийг дэмжинэ…
Байгаль хамгаалах ажилд бүх нийтийн оролцоог хангаж, гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлж, ёс заншлаа дээдэлсэн, байгальд ээлтэй зөв дадлыг төлөвшүүлнэ…” гэж заасан. Уг мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд хийх ёстой зүйл бол өсвөр үедээ байгаль орчноо хамгаалах уламжлалт зан заншлаасаа сэргээн суралцаж, байгалийн нөөцийг ариг гамтай ашиглан усаа зөв зохистой хэрэглэх, эрчим хүчээ хэмнэх, хог хаягдлаа ангилан ялгах, зориулалтын саванд хаях зэрэг байгаль хамгаалах дадлыг цаг алдалгүй хэвшүүлэх явдал юм. Иймд УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат байгаль хамгаалалд хандах “Хандлагаа өөрчилье” багц ажлыг санаачлан ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын байгаль орчны талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хандлагыг өөрчлөх, экологийн үйл ажиллагааг дэмжих, тогтвортой хөгжлийн зорилтуудыг сурталчлах зорилгоор “Ногоон паспорт” аяныг хэрэгжүүлж байна. 2019 оны байдлаар ерөнхий боловсролын 543 сургуулийн ахлах ангийн 50 мянган сурагч байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” хөтөлж байна. 2022 он гэхэд ерөнхий боловсролын 778 сургуулийн ахлах ангийн нийт 168 мянган сурагчид “Ногоон паспорт” олгох юм.
Байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” хөтөлснөөр өсвөр насныхан ус, эрчим хүч хэмнэх, мод тарих, байгальд ээлтэй аялах, хог ангилах, уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх аргад суралцаж, байгальд ээлтэй хариуцлагатай иргэн болж төлөвших бөгөөд сурагчид байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” хөтөлсний үр дүнд 2030 оноос эхлэн Монгол Улсад жил бүр 44 сая литр куб ус, 324 сая квт эрчим хүч хэмнэж, 1.4 сая ширхэг мод тарьж, 42 мянган тонн хүлэмжийн хий бууруулж, байгаль орчны чиглэлд үргүй зарах байсан 12 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гараад байна. “Ногоон паспорт” аяны нэгдүгээр шат 2018 оны гуравдугаар сараас 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хүртэл нийслэл хотноо үргэлжилсэн бол хоёрдугаар шат нь 2018 оны есдүгээр сарын 10-наас 2019 оны зургадугаар сар хүртэл орон нутагт хэрэгжсэн болно.