Тэнгэр заяат чингисийн үр сад байгаад нэмэргүй
Нийтэлсэн: 2018-10-26

         Байгалийн сүйрлээс бид зугтах аргагүй. Ямар ч тэнгэр заяатай Чингисийн үр сад байгаад нэмэргүй.Ертөнцийн хуулийг үүх түүх өнгө царай юугаар ч арын хаалгадаж чадахгүй.Уулаа ухаж бадap бариад оюу толгойгоороо тахил өргөөд ч хэрэггүй. Өнөөдөр хаа сайгүй уул уурхай нөлөөнд үлдсэн нуур цөөрмийн хатсан сайр амь татарч байгаа гол горхийг харсаар бид дөжирсөн. Хүн төрөлхтөн бид өөрсдийгөө байгалийн бүтээгдэхүүн гэдэг атлаа өөрсдийг нь бий болгосон байгаль гээч зүйлийг устгаж сүйтгэх нь хэр зүйтэй бол.!? Энэ бол яг л хүн төрөлхтөн өөрсдийнхөө бүтээсэн роботод устгуулж буйтай л адил. Дэлхий дээр 200 гаруй улс орон байдаг. Улс орон бүрт байгаль орчныг хайрлан хамгаалах нөхөн сэргээх олон талт зүйлүүдээр асуудал үүсгэн гарах арга зам хайдаг.

          Манай орны хувьд хүн амын өсөлт хотжилт үйлдвэржилтийн нөлөөгөөр хог хаягдлын хэмжээ жил бүр дунджаар 800 мянган тонноор нэмэгдэхийн зэрэгцээ төрөл бүтцийн хувьд ч өөрчлөгдөх болсон бөгөөд 2014 оны байдлаар 3,2сая тонн хог хаягдал гарсан байна. Одоо улсын хэмжээнд нийт 396 хог хаягдлын төвлөрсөн цэг ажиллаж 125 мянган га талбайг хамарч байна. Мөн усны нөөцийн дийлэнх буюу 80 орчим хувь нь нийт нутаг дэвсгэрийн 30 хувьд буюу хангайн бүсэд бүрэлдэж бий болдог. Говь тал хээрийн бүсэд хүн амын унд ахуйн болон үйлдвэрлэл үйлчилгээний усны хэрэглээг үндсэндээ газрын гүний усаар бүрэн хангаж байгаа нь хязгаарлагдмал нөөцөө хэт үрэлгэн хандах хандлагыг бий болгож байна. Байгаль орчинд буюу түүнд тулгамдаж буй асуудал гэх үг хэллэг нэр томъёо санангуут өөрт буюу өөрийн амьдралаас хол хөндий тусгай чихнийхээ хажуугаар өнгөрүүлж тархиныхаа гадуур сэтгэж зүрхнийхээ угнаас тасдан авдаг.

Хүн бүр оюун ухаан дотоод сэтгэлдээ тааруулан тохируулж аливаа мэдээ мэдээллийг хүлээн авдаг. Гэвч манай орны байгаль орчны чиглэлд тулгамдаж буй асуудал нь бичиг үсэг тайлагдсан хүн бүр ухамсарлан хүлээн авах шаардлагатай асуудал мөнөөс мөн билээ. Ухамсар хомс хүмүүсийн бий болгосон хор уршигийг 21 зууны техник технологийн дэвшил шинжлэх ухааны шийдлүүд нөхөж барахгүй асар том асуудал болоод байна. Хүний шунал хил хязгааргүй хүсэл л байгалийг сүйтгэж эхэлсэн. Энэхүү асуудлыг анзаарах анзаарахгүй хоёрын голоор явсаар өдийг хүрсэн.

Харин цаашдаа яах ёстой вэ? Эдгээрээс монгол орны байгаль экологид хамгийн тулгамдаж буй асуудлуудын нэг бол хөрсний бохирдол юм .Хүмүүс бүгд л эдийн засаг доройтож байна гэж ярьдаг хэрнээ эх орон доройтож байхад яагаад юу ч хийхгүй байна вэ? Байгаль экологид тулгамдаж буй асуудлын нэг хөрсний бохирдол нь ус цаашлаад цөлжилтийн эх үүсвэр болж байна. Цөлжилтийг зүгээр юу ч хийхгүйгээр хараад сууя гэж төсөөлье. Балга усны төлөө гудамжинд буудалцах дүр зураг танд харагдаж байна уу? Ямар ч амьд амьтан үзэгдэхгүй хувхайрсан хөрс танд харагдаж байна уу? Одоо та ахиад төсөөлдөө монгол орон ямар байсныг эргээ халин мяралзах туул гол бидний баярыг ч тэр гунигийг ч тэр нэг л янзаараа тосон хүлээж байдаг тал нутаг, хур борооны тэр анхилуун сайхан үнэр энэ бүхнийг бид хаашаа гээчихэв ээ… Онгон дагшин тэр үзэсгэлэнтэй биширмээр байгалиа бид яагаад ийм болгочихов оо?… Харь нутагт очоод цээжээ дэлдэн эх орон минь гэж хэлэн аархдаг мөртлөө эх орноо ямар байдалтай байгааг мэддэг нь ховор. Дэлхий минь уйлж байна бас цөхөрч байна. Сэрэх цаг боллоо. Монголчууд аа …!!!

37-р сургуулийн ИНЭЭМСЭГЛЭЛ ЭКО КЛУБ