Нийслэл хотыг заналхийлж буй хөрсний бохирдол
Нийтэлсэн: 2018-10-25

Багш: Ч.Хосбаяр Сурагчид: Х.Ану-Үжин, Сарнай, Д.Цээнэн, Намуундарь, Инга 2018 оны 10 дугаар сар

Та өөрөөсөө би яг ямар хотод, юуны тулд, яаж амьдарч байна, ирээдүйд биднийг юу хүлээж байгаа вэ гэдгийг асууж байв уу? Хүн бүр агаарын бохирдлын тухай наад захын мэдлэгтэй байдаг хэдий ч хөрсний бохирдлын талаар төдийлөн сайн мэддэггүй. Миний хувьд өдөр бүр сургууль гэрийн хооронд алхаж явдаг. Алхаж байхад заримдаа их өмхий үнэртэж, хаа сайгүй тамхины иш, хүүхдийн цэцэрлэгийн хашаан доторх зэрлэг ургамал, ил задгай бие засаж буй хүмүүсийг харах их хэцүү байдаг. Харамсалтай нь бидэнд өдөр бүр тохиолддог энэ зүйлс нь бидний дунд “энгийн” л нэг үзэгдэл болон хувирч, эргэн тойрны хөрсийг бохирдуулах үндэс нь болж байна.

Өнөөгийн байдлаар Улаанбаатар хотын нийт хөрсний 88 хувь нь бохирдолтой гэсэн судалгаа гарчээ. Бид энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд Нийслэлийн Байгаль Орчны Газрын (НБОГ)-ын мэргэжилтэн Ц. Уянгатай очиж ярилцсан юм. Тэрээр бидэнд хөрсний бохирдол, түүнийг үүсгэж буй шалтгаанууд, мөн хөрсийг хэрхэн нөхөн сэргээх талаар мэдээллийг өгсөн билээ. Юун түрүүнд хөрсний бохирдол гэдэг нь хөрсөнд химийн хорт нэгдлүүд, нян бактери зэрэг нь зөвшөөрөгдсөн стандарт хэмжээнээс хэтэрч тухайн хөрсний органик шим тэжээлт чанарыг алдагдуулахыг хэлдэг ажээ.

Нийслэл Улаанбаатар хотын хүн ам, автомашины тоо ойрын жилүүдэд эрс нэмэгдэж, гэр хорооллын талбай ихэссэний улмаас хөрс болон агаарын бохирдол үүсэх гол шалтгаан нь болж байна. Тэгвэл хөрсний бохирдлыг үүсгэж буй хүчин зүйлсийг ерөнхийд нь хүнд металлын, нянгийн, органик, шивтрийн бохирдол гэж ангилдаг. Хүнд металлын бохирдол нь Хром (Cr), Хар тугалга (Pb), Цайр (Zn), Зэс (Cu), Кадми (Cd), Никель (Ni) зэрэг химийн элементүүдээс үүснэ. Арьс ширний үйлдвэр орчим хром (44хувь) зонхилсон хар тугалга, кадми (11хувь), цайрын бохирдолт багагүй талбайг хамарч, бусад цэгүүдэд хүнд металлын бохирдолт алаг цоог тархалттай байна. Улаанбаатар хотын хэмжээнд авсан нийт дээжний 88хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрч, хөрс нянгаар их бохирдсон байна.

Судалгаанд хамрагдсан нийт дээжний 12хувь нь нянгийн бохирдолгүй, 53хувь нь бага зэргийн, 24хувь нь дунд зэргийн, 11хувь нь их зэрэглэлийн нянгийн бохирдолтой байна гэж гарчээ. Аммони буюу шивтрийн бохирдол нь харьцангуй тогтворгүй бохирдол бөгөөд хүн, мал амьтны ялгадастай холбоотой. Нийт дээжний 88.4хувь нь бохирдолтой, 11.5хувь нь бохирдолгүй байна. Хотын хүн амын төвлөрөл ихтэй худалдаа, үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд болон гэр хорооллын хэсгүүдээр аммонийн агууламж асар их гарсан. Нийт дээжний 52.6хувь нь органикийн бохирдолтой байна.

Авто засварын газрууд орчим нефть, шатах тослох материалын бохирдол их байхад гэр хороолол дундах хогийн цэгүүдэд ахуйн гаралтай хоол хүнсний үлдэгдэл, нүүрсний хог, үхсэн малын сэг зэм зэрэг нь органик бохирдлыг үүсгэж байна. Ил задгай хог хаягдал, шивтрээс болж үүсдэг нянгийн бохирдол нь гэдэсний болон амьсгалын замын өвчнүүд зэрэг нийт 17 гаруй өвчнийг үүсгэдэг. Хамгийн аймшигтай нь байгалийн янз бүрийн бохирдлууд нь хоорондоо хамааралтай байдаг тул хөрсний бохирдлыг дагаад тухайн газрын ус болон агаар нь бохирддог. Хөрсний хүнд металлын бохирдлыг бууруулахын тулд арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах, нарийвчилсан судалгаа хийж бохирдлын төрөл, хэмжээ, тархалтыг тодорхойлж цэвэршүүлэх, нөхөн сэргээх шаардлагатай.

Гэр хорооллын нүхэн жорлонг багасгах, эко жорлонжуулах, иргэдэд экологи-эрүүл ахуйн мэдлэг мэдээлэл өгөх, усны эх үүсвэрүүдэд ойрхон гэр хороололд хязгаарлалтын бүс тогтоох хэрэгтэй байна. Мэргэжилтэн Ц.Уянга нь хөрсний бохирдлыг бууруулахад сурагчид хувь нэмрээ оруулахын тулд сургуулиудын эко клубийн сурагчид бид бусад багш сурагчид, найзууд, эцэг эх, ах эгч болон ойр дотны хүмүүстээ хөрсний бохирдол гэж юу болох, түүний шалтгаан, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сурталчлахыг зөвлөсөн билээ. Түүний зөвлөснөөр бид хөрсний бохирдлын талаар багахан хэмжээний тайлан бэлтгэж сургуулийнхаа багш сурагчдад танилцуулсан юм. Мэдээж хэн ч ирээдүй хойч үедээ муу муухай зүйлсээр дүүрэн, өвчин зовлонд нэрвэгдсэн хотыг үлдээхийг хүсэхгүй биз ээ. Тиймээс нийслэл Улаанбаатар хотоо цэвэр цэмцгэр байлгахад хүн бүр анхаарал тавьж, хөрсний бохирдлыг бууруулцгаая!