Цэнхэр дэлхийгээ аврахад тань “Цахим хөтөч” тусална
Нийтэлсэн: 2019-11-22

             – “Ногоон паспорт” аян “дүү”-тэй боллоо –

Шүд угаах гурван минутын хугацаанд усаа хаахгүй бол ганц хүн өдөрт 15 литр ус зүгээр л асгачихдаг. Энэ муу зуршил жилийн турш үргэлжилнэ гэж тооцвол бараг 11 мянган литр ус шуудхан бохирын шугам руу цутгадаг болж таарна. Харин шүд угаах усаа аяганд хийж хэвшвэл жилд 9100 литр ус хэмнэх тооцоо бий. Өөрөөр хэлбэл 11 мянган литр усны 80 гаруй хувийг үргүй зарцуулахаас сэргийлнэ гэсэн үг. Уншихад ойлгомжтой ийм энгийн зөвлөмж, мэдээллүүдийг “Ногоон паспорт” өврийн дэвтэрт бичжээ. Мэдээлэл уншихын зэрэгцээ долоо хоногт хэдэн литр ус хэмнэснээ уг дэвтэр дээрээ бичиж тэмдэглэх боломжтой. Түүнийгээ оноогоор дүгнэж, ямар өөрчлөлт гаргаснаа ч хянах боломжийг БОАЖЯ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийнхөн бүрдүүлсэн байна. Гэхдээ өсвөрийн байгаль хамгаалагчид тэр бүр дэвтрээ хөтлөх боломжгүй байж мэдэх юм. Тиймээс аяныг зохион байгуулагчид сурагч хүүхдүүдийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлан, басхүү хөрөнгө хэмнэх зорилгоор уг паспортыг цахим хэлбэрт шилжүүлсэн байна.

             Тодруулбал, “Ногоон паспорт” шинэчлэгдэж, цахим “дүүтэй” болсноо 2019 оны арваннэгдүгээр сарын 22-нд
танилцууллаа. Уг паспортыг цаасан хэлбэрээс аппликэйшн болгон хөрвүүлж, үнэгүй татаж авах нөхцөл бүрдсэнээр
байгаль орчинтой холбоотой төрөл бүрийн мэдээллийг гар утсаараа авах боломжтой болж байгаа юм. Мөн асуулт,
хариулт цэс рүү нэвтэрч, өөрийнхөө байгаль орчны мэдлэгийг сорьж болно. Зөв хариулт бүрийнхээ тоогоор оноо цугуулах боломжтойг БОАЖЯ-ны дэргэдэх Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн судалгаа мэдээлэл, сургалтын
албаны дарга Д. Шижирболд нээлтийн үеэр онцолсон юм. Сарын турш цуглуулсан оноогоо мөнгөн хэлбэрт шилжүүлж,
байгальд ээлтэй үйлсэд зарцуулж болох аж. Гэхдээ оноо цуглуулах цэс нь зөвхөн ерөнхий боловсролын сурагчид
буюу өсвөрийн байгаль хамгаалагчдад нээлттэй. Харин бусад хэрэглэгч тус аппликэйшнээс ерөнхий мэдээлэл авч, БОАЖЯнаас гаргаж буй статистик, тоон мэдээлэлтэй танилцаж болох нь. Уг аппликэйшнийг арванхоёрдугаар сарын 20-ноос өмнө татаж авсан сурагчдад найман оноо автоматаар нэмэгдэх аж. Найман минутад шүршүүрт ордог болж, усаа хэмнэвэл мөн дөрвөн оноо өсвөрийн байгаль хамгаалагчийн халаасанд орно гэсэн үг.

“Ногоон паспорт”-ыг одоогоор цаасан хэлбэрээр 65 мянган ширхгийг тараажээ. Харин 2020-2021 онд ерөнхий
боловсролын сургуулийн нийт 256 мянган сурагчийг уг аянд хамруулах зорилготой бөгөөд энэхүү ажлынхаа хүрээнд
цааснаас цахимд шилжих дээрх өөрчлөлтийг хийсэн аж.