Өсвөрийн байгаль хамгаалагчид хандлагаа өөрчилжээ
Нийтэлсэн: 2018-03-25

Дэвшилт технологийн эринд амьдарч буй өсвөр насныхан тэр бүр дэвтэр эргүүлж, тэмдэглэл хөтөлж чаддаггүйг “Ногоон паспорт” эзэмшигчид өгүүлсэн. Өврийн дэвтрээ байнга авч явснаар элэгдэж, муудах, алга болгох эрсдэл бас бий гэнэ. Тэгвэл цахим хэлбэрт шилжүүлснээр дээрх асуудлууд шийдэгдэж, “Ногоон паспорт” хөтлөх нь байгаль орчинд илүү ээлтэй болох юм. “Ногоон паспорт”-ыг одоогоор 120 мянга гаруй хүүхэд эзэмшиж буй. Тэднийг дэвтрээ дуусгах, эсвэл хаяж гээх бүрт нэмж хэвлэх шаардлага тулгардаг. Тэгвэл дээрх аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлснээр хэвлэх,
хадгалах зэрэг зардал хэмнэгдэхийн зэрэгцээ цаас хийхийн тулд мод тайрдаг шаардлага өчүүхэн бага хэмжээгээр ч болов буурна гэсэн үг. Энэ талаар “эко” хүүхдүүд ийнхүү ярьж байна.

Э.Мөнгөнцоож (“Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 12в ангийн сурагч): Тус аянд нэгдсэнээр миний амьдралд маш их өөрчлөлт гарсан. Эрчим хүч хэмнэх, усаа хайрлах, ногоон байгууламж байгуулах зэрэг ажилд сайн дураараа оролцдог болсон. Мөн “Ногоон паспорт” эзэмшигчдээсээ шилдгээр шалгарч БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдсан “Ногоон хөгжлийн долоо хоног” чуулганд, ОХУ-д зохиогдсон “Олон улсын ойн олимпиад”-д амжилттай оролцсон. БНСУ-д гэрлийн шонг нь цэцгээр гоёсон байсан. Гэтэл манайд модны навчийг хамгаалахад илүү анхаарч өвлийн улиралд гялгар уутаар ороодог. Харин зун модны ёроолыг цагаан будгаар буддаг. Солонгост модны мөчир, үндсийг биш хөрсийг сайжруулахад анхаардаг. Мөн хог ангилан ялгах нь хэвшил болсон, дахин боловсруулах үйлдвэр ч хангалттай. Харин манайд хангалттай үйлдвэр байхгүйгээс иргэд хаягдлаа ангилан ялгадаггүй. Тиймээс бусад улс орны дэвшилт технологийг Монголдоо нэвтрүүлэх нь миний цаашдын зорилго. Мөн сургууль бүрт ногоон төгөл байгуулах ажилд идэвхтэй оролцож байгаа.

Б.Энэрэл (МУИС-ийн Байгаль-Эх лицей ахлах сургуулийн 12в ангийн сурагч): Айл өрх бүрт эко элч бэлтгэх зорилготой энэ аян үр дүнгээ өгч байгаа гэдэгт итгэлтэй байна. Манай сургуулийнхан гэхэд гэрээсээ хүнсний хог хаягдал авчирч түүнийгээ бордоо болгон үржил шимтэй хөрс гаргаж авдаг болсон. Энэ нь Монголдоо анхдагч юм. Бас “Ногоон паспорт” хөтөлдөг сурагчдыг гадаад руу явуулж, олон улсад үг хэлэх боломжийг БОАЖЯ-наас олгож байгаад баяртай байна. Би АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд зохион байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлт, залуусын хөдөлгөөн” хуралд оролцоод ирсэн. Хуралд оролцох сонирхолтой олон улсын хүүхэд, залуусаас 7000 гаруй анкет ирүүлснээс зууг нь сонгон шалгаруулсан юм билээ. Үүнд нь манай улс багтаж, би эх орноо төлөөлж явсандаа маш их баяртай байгаа. Хурлын үеэр бусад орны хүүхдүүд “Ногоон паспорт”-ыг маш их сайшааж, зарим нь бүр хамтран ажиллах санал тавьсан. Магадгүй олон улсын өсвөрийн байгаль хамгаалагчидтай уг дэвтрээ хуваалцахын тулд цахимд шилжүүлэх
шаардлага үүссэн байх. Энэ нь ч биеллээ олж, “Ногоон паспорт” цахим хэлбэрт шилжлээ. Цахим дэвтрээ ашиглан оноо цуглуулж, түүнийгээ мөнгөн хэлбэрт шилжүүлэн ашиглах болсон нь маш их таалагдсан. Хүн бүр байгаль хамгаалахад гар бие оролцож хандлагаа өөрчилбөл хойч үедээ эх дэлхийгээ бүрэн бүтэн үлдээж чадна. Манай гэрийнхэн гэхэд дэлгүүр орох бүртээ даавуун уут авч
явдаг болсон. Энэ нь жижигхэн өөрчлөлт боловч маш зөв хандлага юм.

Г.Отгонтуул (111-р сургуулийн 12б ангийн сурагч): Манай гэрийнхнээс би ганцаараа “Ногоон паспорт”аянд нэгдсэн ч аав, ээж, дүү нар маань бүгд миний нөлөөгөөр яваандаа хандлагаа өөрчилсөн. Хамгийн чухал зүйл бол хандлага. Хандлагаа өөрчилснөөр зөв дадал, зуршилтай болно. Би таван хүнд нөлөөллөө гэхэд тэд цаашид тус бүртээ таван хүний хандлагыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулж чадна. Тэгэхээр энэ төслийн үргэлжлэх хугацаа дуусахгүй болов уу. Цаашид БОАЖЯамнаас явуулах тэмцээн, уралдааны зарыг “Ногоон паспорт” аппликэйшнээсээ авах боломж бүрдсэнд баяртай байна.

Өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх зорилготой “Ногоон паспорт” аян бодит үр дүнгээ өгсөн нь хүүхдүүдийн ярианаас илт харагдаж байлаа. Эдгээр сурагчид байгальдаа ээлтэй иргэн болж төлөвшихөөс гадна өөртөө итгэлтэй, илтгэх ур чадвар сайтай болсон нь энэ аяны бас нэг үр дүн ч байж мэдэх юм.