Г.Номин: Ногоон паспортыг эзэмших нь байгаль орчны мэдээллийг амьдралд ойр, танхимын бус хэлбэрээр авч байна
Нийтэлсэн: 2018-05-25

“Ногоон паспорт” аяныг хэрэгжүүлж буйБОАЖ Яамны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн дарга Г.Номинтой ярилцлаа.

–  Өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх зорилготой “Ногоон паспорт” аян одоогоор хэчнээн байгаль хамгаалагч бэлтгээд байна вэ. Аяны үр дүнгээс дурдвал?

–  “Ногоон паспорт” өврийн дэвтрийг өнгөрсөн онд хэвлүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын төрийн өмчит сургуулиудын нийт 25 мянга гаруй хүүхдэд тараасан. Анхандаа хүмүүс тэр бүр мэддэггүй байсан болохоор анхаарлыг нь татаж, аянаа сурталчлах, илүү олон хүмүүст таниулахын тулд олон төрлийн уралдаан, тэмцээн зохион байгуулсан. Тухайлбал “Байгаль орчны залуу сурвалжлагч” уралдааны хүрээнд сурагчид ярилцлага авч, нэвтрүүлэг бэлтгэсэн. Мөн “Хогоо түүцгээе” уриатай тэмцээн зохион байгуулсан. Ингээд өнгөрсөн намар Дорнод аймгийн Хамарын хийдэд аянаа хэрэгжүүлсэн. Хамарын хийд бол дотоодын аялал жуулчлалын гол цэг. Тэнд мод тарьж байсан нутгийн
ахмадад бид санал тавьсан юм. Тэр хүн маш холоос ус зөөж, хэдэн ширхэг мод суулгасан байсан. Түүнийг нь
дэмжиж бид мод тарихад нь туслан ногоон төгөл байгуулсан юм. Дараа нь Говьсүмбэр аймгийг зорьж, 2018 оны намар гэхэд бүх аймгаар явж, төрийн өмчит сургуулиудын 25 мянга гаруй сурагчдад “Ногоон паспорт”-оо тараасан. Бас хуруу зай хураах сав байршуулсан. Хуруу зай аюултай хог хаягдлын нэгболохыг сануулж, зориулалтын сав түгээсэн юм. Тухайн үед хуруу зай үйлдвэрлэгч компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нэгдэж, бидэнд чамлахааргүй санхүүжилт олгосон. Үр дүнд нь 20 тонны хоёр контейнер хуруу зайг байгальд шингэхээс сэргийлсэн. Одоогоор нийт 62 мянган “Ногоон паспорт” тараагаад байна. Гэхдээ үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог сурагч хүүхдүүд үүнээс хэд дахин олон. Хувийн сургуулийн сурагчид, хувийн томоохон компаниуд ч хүсэлт ирүүлээд байгаа.

–  “Ногоон паспорт” эзэмшсэнээр өсвөрийн байгаль хамгаалагчид ямар эрх, үүрэгтэй болох вэ?

– Үүрэг хүлээлгэхээсээ илүү өсвөр үеийнхний хандлага, хэвшлийг өөрчлөхийг зорьсон. Хандлагаа өөрчилбөл ямар
үр дүнд хүрэхийг нь зааж, зөвлөх зорилготой. Шинэ зууны “Z” гэгддэг үеийнхэн маш мундаг болжээ. Тэдэнд олон улсын
индэр дээрээс үг хэлэх боломжийг манай яамнаас олгосон. Тухайлбал АНУ, БНСУ, ОХУ зэрэг оронд болсон хурал,
зөвлөгөөнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Монгол орноо төлөөлж, үг хэлсэн. Тэд өсвөрийн байгаль хамгаалагч гэхээсээ илүү дэлхийн иргэн, байгальд ээлтэй, хариуцлагатай байх ёстой, ийм эрх, үүрэгтэй гэдгээ өөрсдөө
ухамсарлаж мэдэрсэн болох уу. “Ногоон паспорт”-ын бас нэг зорилго бол байгаль орчны салбарт мэргэжилтэн бэлтгэх
асуудал юм. Бидний хэрэглээг байгалийн нөөц бүрдүүлж байгаа. Гар утсыг л гэхэд байгальд ховор элементээр үйлдвэрлэдэг. Энэ мэдээллийг хүүхдүүд сургалтын орчинд авдаг байсан бол “Ногоон паспорт”-ыг эзэмшсэнээр байгаль
орчны мэдээллийг амьдралд ойр, танхимын бус хэлбэрээр авч байна.

– “Ногоон паспорт”-д монголчуудын байгаль хамгаалах уламжлалт зан заншлыг ч бас шингээсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

– Нүүдэлчид байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалж ирсэн эртний сайхан уламжлалтай, нарийн дэг жаягтай. Гэтэл
мал маллаж үзээгүй, нүүдэлчин амьдралын хэв маягийг ойлгохгүй, ёс заншлаа мэдэхгүй хүүхэд, залуус олон байна. Тэгвэл “Ногоон паспорт”-д энэ талаар өвөө, эмээгээсээ асуухыг зөвлөсөн байгаа. Тэгэхээр энэ гарын авлага, өврийн
дэвтрээрээ дамжуулж монгол ардынхаа уламжлалт ухаанд ч суралцах боломжтой. Энэ мэтээр амьдралд ойр жишээгээр
өсвөр насныхны байгальд хандах хандлагыг өөрчлөх нь “Ногоон паспорт”-ын нэг онцлог юм.

– “Ногоон паспорт”-ыг хэдий хугацаанд бэлтгэж, боловсруулсан бэ?

– БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг ийм гарын авлага бэлтгэх санаачилга гаргахад яг үнэндээ эхлээд дотор нь юу байх,
ямар ач холбогдолтойг нь сайн мэдэхгүй байсан. Бусад улс оронд ийм гарын авлага, хөтөлдөг дэвтэр байдаг үгүйг бид
судалж үзсэн ч үр дүнд хүрээгүй. Өөрөөр хэлбэл, манайхаас өөр оронд хүүхэд, залуус, ялангуяа өсвөр насныханд чиглэсэн байгаль орчны ийм гарын авлага байдаггүй гэсэн үг. Тиймээс бүх зүйлийг өөрсдөө гардан хийсэн. Манай байгууллагын мэргэжилтнүүд ийм тийм мэдээ мэдээллийг, ийм аргаар хүргэе гэсэн мэргэжилтнүүдийн саналыг сонссон. НҮБ-ын зөвлөх мэргэжилтнүүд ч бидэнд тусалсан. \ Энэ хүний нэрийг олж бичиж өгнө үү\ Тэр хүн байгаль орчны программыг боловсруулдаг хүн юм. Төлөвлөгөөгөө сар гаруй хугацаанд ярилцаж боловсруулсан. Мөн хүүхдүүдтэй уулзаж, санал бодлыг нь сонссон. Хүүхдүүд юу хүсэж, бодож байна гэдэг чухал. Тэд их чухал санаачилга гаргаж байсан. Ерөнхий боловсролын сургуулиудын эко клубүүд маш идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Сайн дурынх учраас үйл ажиллагааг нь дэмжих хөшүүрэг нь яах аргагүй “Ногоон паспорт” аян болж байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ерөнхий боловсролын сургуулиудын 7-11 дүгээр ангийн 550 гаруй сурагчдыг хамруулж, санаа оноог нь сонсох уулзалт зохион байгуулсан юм. Уулзалтын үеэр ийм гарын авлага гарах гэж байгааг танилцуулж, ямар мэдээлэл авахыг хүсэж байгааг нь асууж сонирхсон. Эко клубийн гишүүн хүүхдүүд бусдыгаа бодвол байгальд ээлтэй дадал хэвшлийн талаар хангалттай сайн мэдээлэлтэй байсан нь бидэнд тун олзуурхууштай байсан. Уулзалтаар тэдний юу мэдэж, юу хиймээр байгааг сонсоод “Ногоон паспорт”-оо есөн дэд бүлэгтэй хийсэн юм. Хог хаягдал, эрчим хүч, усны нөөцийн тухай мэдээллүүдийг багтааж, хэрхэн байгальд ээлтэй аялах, яаж хариуцлагатай иргэн болох талаарх зөвлөмжийг ч мөн гарын авлагад багтаасан. Бас холбогдох даалгавруудыг хавсаргасан болохоор “Ногоон паспорт”-оо хөтлөгч маань өөрөө өөртөө дүгнэлт хийж, байгаль хамгаалах үйл хэрэгт хэрхэн оролцож байгаагаа хянах боломжтой. Зөвхөн мэдээлэл өгөөд зогсохгүй цаашид юу хийж болохыг тусгаснаараа, жишээ нь мод тарьж арчлах, орчноо цэцэгжүүлэхэд юунд анхаарах тухай зааварчилгааг багтааснаараа манай гарын авлага онцлог юм.

– Цаашид энэ аяны хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөөд
байна вэ?

– Цаг үетэйгээ хөл нийлж, гарын авлагаа илүү хүртээмжтэй болгохын тулд, бас “Ногоон паспорт” хөтлөгч өсвөрийн байгаль хамгаалагчдынхаа өврийн дэвтрээ хөтлөх боломжийг нь илүү ойр дөхөм, амар хялбар болгохын тулд паспортоо саяхан цахим хэлбэрт шилжүүллээ. Ингэснээр байгалийн баялаг, нөөцийг ч хэмнэх давуу талтай юм. Яваандаа дэвшилт технологи ашиглан аянаа хүүхэд бүрт хүргэхийг зорьж байна. “Ногоон паспорт” аппликэйшнээ ашиглан ирэх хавраас “Дижитал ой” нэртэй төслийг мөн зохион байгуулахаар ажиллаж байна. Төслийн хүрээнд хүүхэд бүр, өсвөрийн байгаль хамгаалагч сурагч бүр өөрийн нэрээр мод тарих юм. Нэг мод тарих зардал ойролцоогоор 30 мянган төгрөг байдаг. Харин түүнтэй тэнцэх кредитийг цахим “Ногоон паспорт” хөтөлснөөр цуглуулах боломжтой болох юм. Түүнчлэн таван ширхэг хуванцар сав цуглуулаад оноогоор солих зэрэг санаачилгыг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Байгальд ээлтэй, эко үйлдэл бүрийг урамшуулна гэсэн үг. Энэ нь хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах орчин нөхцөлийг бүрдүүлж байгаа хэрэг. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг мэдээллээр хангаж, байгальд хандах хандлагыг нь өөрчилсөн гэж үзэж байгаа. Харин одоо хандлагыг нь үйлдэл болгох нь бидний дараагийн том зорилго юм.