Ээж мод, ээж хад, хийморийн овоо орчмын хогийг цэвэрлэлээ
Нийтэлсэн: 2019-02-02

“Цэвэрхэн шинэлцгээе” аяны эхлэл болгож, БОАЖын сайд Н.Цэрэнбат Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийд болон бусад томоохон хүрээ хийдийн хамба, лам нарыг хүлээн авч уулзлаа. Тэд 2018 оны Сар шинийн баяраар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын гаргасан уриалгыг дэмжиж уул усаа тахихдаа бохирдуулахгүй шинэлэхийг сүсэгтэн олондоо уриалж, бохирдсон овоодыг байгаль хамгаалагчидтай хамтран цэвэрлэхэд тусалсан юм.
Тэгвэл 2019 онд тус яамнаас уриалгаа өргөжүүлэн “Цэвэрхэн шинэлцгээе” аян хэрэгжүүлж байгаад талархалтай хандаж
байгаагаа хэлээд дэмжин ажиллахаа илэрхийллээ. Харин БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Эх болсон байгалиа хамгаалахыг олон нийтэд уриалж, соён гэгээрүүлэх нь та бидний ирээдүй хойч үеийнхээ төлөө хийж чадах маш том ажил. Иргэн бүр байгаль дэлхийгээ хамгаалж цэвэрхэн шинэлцгээе” хэмээн уриалав.

Аяны хүрээнд иргэдийн сүсэглэн залбирдаг Сэлэнгэ аймгийн Шаамар суманд байх Ээж мод, Төв аймгийн Сэргэлэн
сумын нутагт орших Ээж хад болон Сар шинээр иргэд олноороо гарч хийморь лундаа, ажил үйлсээ даатгадаг Хийморийн овоо орчмын хогийг цэвэрлэлээ. Иргэд нэг үеэ бодвол уул овоонд гарахдаа хог тарих, байгаль орчноо бохирдуулах нь багассан ч тахин шүтэхдээ анхаарах зүйл олон байна гэдгийг байгаль хамгаалагчид болон лам хуврагууд хэлж байв. Сэлэнгэ аймгийн Шаамар суманд байх Ээж мод гэхэд л хэдхэн жилийн өмнө хүний буруутай үйл ажиллагаанаас болж шатаж сүйдэн дахин шинээр сэргээгдэн тахин шүтэгдэх болсон бол иргэд сүсэгтэн олон өнөөдөр ч байгаль орчинд ээлгүй хандлага гаргаж Ээж мод руу архи, сүү, цагаан идээ ихээр өргөн хадаг, самбаа уяснаас үүдэж мод үхжин дороосоо сийрэгжиж өтөн насжилтгүй болсон байдалтай байна. Тиймээс сүсэгтэн олон шүтэн дээдэлдэг уул овоо, мод тэргүүтнээ зөв тахин шүтэж өргөл барьцаа зөв өргөж, байгаль дэлхийд ээлтэй цэвэрхэн шинэлж идээ ундааны дээжийг дөрвөн зүг найман зовхисдоо өргөн сэтгэлдээ залбирч байгальдаа ээлтэй байхыг холбогдох албаныхан болон лам хуврагууд уриаллаа.

Ч.Дамбажав (Зүүн хүрээ Дашчойлон хийдийн тэргүүн хамба лам): Ирээдүй хойчдоо үлгэр дуурайлал болж, байгалиа бохирдуулахгүйгээр сүсэгтэн олон та бүхэн минь Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Х.Бямбажав (Гандантэгчиглэн хийдийн Да лам): Өргөсөн идээ нь хөглөрөх, хадаг нь хүний хөлд гишгэгдэх зэрэг хүндэтгэлгүй байдал гаргалгүйгээр идээний дээжээ өргөж шинэлээрэй.

Д.Амарболд (Гандантэгчиглэн хийдийн байгаль орчны албаны дарга): Уул овоогоо тахихдаа байгальд үл шингэх хог хаягдал хаяхгүй шинэлбэл байгалиа хамгаалж буй үйлдэл болно.

Д.Нямсамбуу (Жавзандамба хутагт төвийн багш, гавж): Овоонд тахил их өргөснөөрөө ажил үйлс бүтнэ гэсэн сэтгэлгээнээсээ салж, байгалиа бохирдуулахгүй байх нь тухайн хүнд буян болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид бурхны шашныг мухраар шүтэхээсээ илүү сургаалыг нь ухаж ойлгож, өөрийн амьдралдаа баримталбал зохилтой.

Д.Нацагдорж (Мамбадацан хийдийн хамба лам, хүний Гавьяат эмч): Жирийн иргэний уул усанд өргөж байна гэж боддог идээ цагааг лус савдаг өөр лүү нь бохир зүйл цацаж байна гэж хүлээн авч лус савдаг хилэгнэдэг. Тиймээс сүсэгтэн олон та бүхэн маань лус савдагаа хилэгнүүлэхгүй, байгаль орчноо бохирдуулахгүй шинэлэж занших хэрэгтэй.

Ч.Гончигсүрэн (Түвдэнпэлжээлин хийдийн хамба лам): Байгаль дэлхий өөрийн гэсэн эзэнтэй учир овоо, лус газарт очихдоо бохирдуулалгүй бие, хэл, сэтгэлийнхээ үйлийг хянаж, цэвэр цэмцгэр сайхан шинэлцгээе. Эх болсон байгалиа бохирдуулах нь хүмүүн бидний хийж буй нүгэл хилэнц гэдгийг ухаарах цаг болсон.