“Цэвэрхэн наадацгаая” аяныг жил бүр зохион байгуулна
Нийтэлсэн: 2018-07-02

“Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд БОАЖЯ-наас хоггүй наадах уриалга гаргаж, 2018 оноос “Цэвэрхэн
наадацгаая” аяныг зохион байгуулж байгаа билээ. Аян хэрэгжсэн эхний жил сайн дурын 200 гаруй залуус 30 гаруй
тонн хог цэвэрлэсэн бол 2019 оны Үндэсний их баяр наадмаар таван өдөр Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Туул гол, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар орчмоор 11 мянган хогны уут тарааж, 100 орчим тонн хог түүсэн юм. Тодруулбал Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас 46 тонн, Туул голоос 41 тонн, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгаас 10 орчим тонн хог түүж, орчныг цэвэрлэлээ.

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан “Цэвэрхэн наадацгаая” аян өмнөх жилийнхээсээ бүр ч өргөн хүрээг хамарч урлаг, соёл, спортын салбарын олны танил эрхмүүд олон нийтийг цэвэрхэн наадахыг уриалсан төдийгүй 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, БОАЖЯ-ны харьяа тусгай хамгаалалттай 33 газрын захиргааны байгаль хамгаалагчид, 21 сав газрын захиргааны мэргэжилтнүүд наадамчин олонд хандлагаа өөрчилж, цэвэрхэн наадахуриалга дэвшүүлэн ажиллав.

“Цэвэрхэн наадацгаая” аяныг Монголын оюутны холбооноос гадна Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, 21 аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, “Монгол наадам” цогцолбор, Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн, АПУ, Юнител, “LADA Mongolia” компани, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, “Хоггүй Монгол” төрийн бус байгууллага болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэмжин ажилласан нь томоохон дэмжлэг болсон гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолсон юм. БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй байгаль хамгаалалд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нөлөөллийн аянууд олон нийтийг байгальд ээлтэй аялах, экологийн эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх эхлэлийг тавьж байна. Эдгээр аянуудыг жил бүр зохион байгуулах юм.