Хаягдал зай хураагуурын сав бүтээж, сургуулиудад байршуулав
Нийтэлсэн: 2018-05-25

БОАЖ-ын сайдын санаачилсан “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд хэрэгжиж буй “Ногоон паспорт” аяны нэг хэсэг нь сурагчдад байгаль орчиндхор хөнөөлтэй хог хаягдал болох хаягдал зай хураагуурыг зөв зохистой хаях мэдлэг олгох, сурталчлах зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудад хаягдал зай хураагуур цуглуулах хайрцаг байршуулан, аюултай хог хаягдлыг ахуйн хог хаягдалтай холихгүй, тусад нь хаяж хэвших зөв дадлыг бий болгох юм. Хог хаягдлыг ангилан ялгах зөв дадал хэвшүүлэх, аюултай хог хаягдлын талаарх мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх замаар хог хаягдлын зохистой менежментийг дэмжих зорилго бүхий 1.5 сая төгрөгийн шагналын сантай “Хаягдал зай хураагуурын савны загвар бүтээх” уралдааныг дүгнэж, оролцсон 39 бүтээлээс гурван байрыг шалгаруулан ирүүлсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргалаа.

Уралдааны нэгдүгээр байрт 28 дугаар сургуулийн “Ногоон дэлхий” эко клуб, хоёрдугаар байрт 25 дугаар сургуулийн “Эко-25” эко клуб, гуравдугаар байрт “Эрдмийн өргөө” сургуулийн “Энержи” эко клуб тус тус шалгарав. Шалгарсан загварыг БОАЖЯ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Нийслэлийн Боловсролын газар, Байгаль орчны газар, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, Зиг Заг групп хамтран олноор нь бүтээж, улсын хэмжээнд нийт 300 ширхэг хаягдал зай хураагуур цуглуулах хайрцгийг ерөнхий боловсролын сургуулиуд, орон нутгийн харьяа газруудад байршууллаа. Эхний хайрцгийг нийслэлийн 28 дугаар дунд сургуульд байршуулах арга хэмжээг 2018 оны тавдугаар сарын 24-нд зохион байгуулсан юм.

Арга хэмжээнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн удирдлагууд, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Бямбасайхан нар оролцлоо. Нийслэлийн хэмжээнд нийт 139 сургуульд байршуулсан хайрцагны хаягдал зай хураагуур цуглуулах ажлыг 2018 оны аравдугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулж 14 кг 393 грамм буюу 713 ширхэг хаягдал зай хураагуур цугларсан байна.