Аянаа нээж, “Эко клубийн сурагчдын чуулган”-ыг зохион байгуулав
Нийтэлсэн: 2018-03-24

“Ногоон паспорт” аяны нээлтийг 2018 оны гуравдугаар сарын 18-нд Олон улсын хүүхдийн Найрамдал төвд зохион байгуулж нээлтэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгч Хелена Молин Валдес нар оролцсон юм.

Чуулганыг нээж хэлсэн үгэндээ БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Та бүхэн Монголын ирээдүй. Тиймээс та бүхнийг миний санаачилсан өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх “Ногоон паспорт” аянд нэгдэж байгаад баяртай байна. Эко клубийнхан маань үеийнхнийгээ, бас томчуудыг байгаль хамгаалахад уриалж, үлгэр дуурайл болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Харин НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгч Хелена Молин Валдес “Миний Монголд айлчилж буй хамгийн гол шалтгаан нь хүүхдүүд та бүхний энэхүү чуулганы нээлтэд оролцох байлаа. Монголын хүүхдүүд байгаль дэлхийгээ хамгаалах чиглэлээр ямар ажил хийж байгааг дэлхийн хүүхдүүдэд харуулахыг хүсч байна. Тиймээс та бүхэн Н.Цэрэнбат сайдын санаачилгыг маш сайн дэмжиж, ажиллаарай гэж хүсч байна. Би ирэх жил Монголд ирж, та бүхний хийсэн ажилтай танилцаж, хамгийн сайн байсан эко клубийг гадны улсуудын туршлагатай танилцуулна гэдгээ хэлье. Та бүхэн маань томчуудад, үеийнхээ бусад хүүхдэд үлгэр дуурайлалын эзэн болоорой” хэмээн уриалав.

Энэ үеэр мөн “Эко клубийн сурагчдын чуулган” болж, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын нийт 89 сургуулийн 94 эко клубийн 500 гаруй багш, сурагчид хамрагдсан юм. Чуулганд Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга нар мэндчилгээ дэвшүүлж, хүүхдүүдэд амжилт хүслээ. Эко клубийн сурагчид чуулганы үеэр “Ногоон паспорт” аяны хүрээнд олон нийтэд байгаль орчны мэдээлэл түгээх видео уралдаанд оролцох, хог хаягдал цуглуулах марафон зохиох, байгаль орчны залуу сурвалжлагч болох, байгальд ээлтэй шинэ санаа гаргах, “Ногоон паспорт” аяныг сургуульдаа нэвтрүүлж, сурагч бүрийг ногоон паспорттой болгох зэрэг уралдаан тэмцээн, сургалт сурталчилгаанд оролцох үүрэг даалгавар авсан юм.