МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
“Ногоон паспорт” аяны хүрээнд эко клубүүдийн дунд 2018-2019 онд зохион байгуулагдах үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах, “Ногоон паспорт”-ыг хэрхэн зөв хөтлөх, ашиглах зааварчилгаа болон хаягдал зай хураагуур цуглуулах хайрцаг ашиглах талаарх танилцуулга мэдээлэл өгөх, санал солилцох уулзалтыг нийслэлийн эко клубүүдийн удирдагч багш нарын дунд 2018 оны тавдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм.
Уулзалтад нийслэлийн 100 гаруй сургуулийн эко клубийн удирдагч багш, нийгмийн ажилтнууд оролцсон бөгөөд эхний байдлаар 6000 “Ногоон паспорт”-ыг багш нарт тараалаа. Чуулганы үеэр мөн эко клубийн удирдагч багш нарын дунд “Ханын сонин бүтээх” тэмцээн зарласан юм. Эко клубийн удирдагч багш нарын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинэ санал санаачилга гаргуулах, үйл ажиллагааг дэмжих зорилгоор зохион байгуулсан энэхүү уралдаанд 60-р сургуулийн багш М.Долгор нэгдүгээр байр, 29-р сургуулийн багш Ц.Эрдэнэтуяа хоёрдугаар байр, 122-р сургуулийн багш Ч.Эрдэнэцэцэг гуравдугаар байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн юм.
Шалгарсан багш нар 2018 оны арванхоёрдугаар сарын 12-нд болсон “Ногоон паспорт-2018 оны шилдгийг шалгаруулах ёслол”-ын үеэр шагналаа гардав. Уралдаанд тэргүүлсэн дээрх багш нараас гадна эко клубийн удирдагч шилдэг хоёр багшийг Хонконгийн “Диснейлэнд”-ээр, арван багшийг Чежү арлаар аялах эрхийг бичгээр шагнасан юм.