Н.Цэрэнбат: Эерэг хандлагыг дадал болгох нь бидний зорилго
Нийтэлсэн: 2019-03-24

– Та сайдын ажлыг авахдаа “Хандлагаа өөрчилье” гэдэг уриа дэвшүүлж, нэлээд ажил хийлээ. Үр дүн нь ч нийгэмд мэдрэгдэж эхэлсэн?

– Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсоноос хойш “Хандлагаа өөрчилье” багц ажлыг эхлүүлсэн. Үр дүнд нь Монгол оронд олон эерэг өөрчлөлт гарсанд баяртай байгаа. Анх ажлаа аваад хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байгалийн нөөцийн доройтолтой тэмцэх, цаашид бий болох доройтлыг бууруулах хоёр том асуудалтай тулгарсан. Одоо буй асуудлаа үйл ажиллагааныхаа хүрээнд шийднэ, харин ирээдүйд бий болох эрсдэлийг бууруулахын тулд байгальд ээлтэй техник технологийг нэвтрүүлэх, ногоон хөгжлийн чиг хандлагыг хойч үедээ бий болгох шаардлага тулгарч байна. Энэ үүднээс “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд олон аян зохион байгуулах ёстой юм байна гэдэг шийдэлд хүрч, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аяныг санаачилсан. Уг аяны хүрээнд сурагчид маань өдөр бүр нэг аяга ус хэмнэж, жилд нэг мод тарьж, хогоо ангилдаг болоход 2027 оноос Монгол Улс байгаль хамгаалалд зарцуулах ёстой 12 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэнэ гэсэн тооцоолол гарсан. Насанд хүрэгчдийн буруу дадлыг өөрчлөхийн оронд өрх бүрийг өсвөрийн байгаль хамгаалагчтай болгож хандлагыг өөрчлөх нь илүү үр дүнтэй гэж үзсэн юм. Аян маань хамгийн богино хугацаанд хамгийн олон хүнийг хамарч, жил хүрэхгүй хугацаанд 543 сургуулийн 150 мянга гаруй сурагч “Ногоон паспорт” хөтөлж, өсвөрийн байгаль хамгаалагч болсныг дуулгахад таатай байна.

– Хамгийн богино хугацаанд хамгийн олон хүнийг хамруулсан аян болсноороо “Ногоон паспорт” аян олон улсын шагнал хүртсэн байх аа?

-Тийм ээ, нэг жилийн дотор 150 мянган сурагчийг аянд нэгдүүлж, байгаль орчны боловсрол олгосныг олон улсад онцолж, 2018 онд Дэлхийн ногоон байгууллагаас “Ногоон паспорт” аяныг хэрэгжүүлсэн Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд байгаль орчны салбарын хамгийн том шагнал болох “Ногоон алим”-ыг гардуулсан. Мөн миний биеийг “Ногоон элч”-ээр онцолсон. Аян маань улсаасаа хүрээгээ тэлж МУИС-ийн Байгаль эх лицей сургуулийн сурагч Б.Энэрэл анх удаа Монгол Улсаас НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын хүүхэд залуучуудын чуулганд оролцож, Монголын сурагчдын хөтөлж буй “Ногоон паспорт” аяныг дэлхийн удирдагч хүүхдүүдэд танилцуулсан. Мөн аяны шилдэг 21 сурагч Бээжин, Хонконгоор аялж, ногоон байгууламжийг хэрхэн бий болгож байгаа туршлагаас судалсан. Шилдэг 10 сурагч БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулсан Ногоон хөгжлийн долоо хоног олон улсын чуулга уулзалтад оролцож, “Ногоон паспорт” аянаа танилцуулсан. Ингэхдээ олон улсын байгууллагуудын урилгаар оролцож, туршлагаа хуваалцан эх орныхоо нэрийг гаргасныг энд дурдах нь зүйтэй болов уу. Монголынхоо сурагчдын хөтөлж буй “Ногоон паспорт”-ыг миний бие дэлхийн хэмжээний удирдагчдад дурсгал болгон үлдээж, Монголын хүүхдүүд байгаль хамгаалалд хэрхэн оролцож байгааг дуулгасны үр дүнд “Ногоон паспорт” эзэмшигч сурагчид олон улсын томоохон үйл ажиллагаануудад урилгаар оролцсон.

– “Ногоон паспорт” аянд хамрагдаж буй сурагчдын хөтөлж буй паспорт саяхан цахим хэлбэрт шилжсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

– Сурагчид маань байгальд ээлтэй есөн үйлдэл бүхий “Ногоон паспорт” хөтөлдөг. Тухайлбал эрчим хүч, ус хэмнэх, мод тарих, байгальд ээлтэй аялах гэх мэтээр өөрсдийн эерэг үйлдлийг дадал болгож, тэмдэглэн шилдгүүдээ шалгаруулдаг юм. Энэхүү паспортыг бид цахим хэлбэрт шилжүүлж “Ногоон паспорт” аппликейшныг бүтээлгээд байна. “Ногоон паспорт” аян аппликейшнтэй болсноор сурагчид өөрсдийн байгальд ээлтэй үйлдлийг цахимд бүртгэхээс эхлээд байгаль орчны талаарх цогц мэдээллийг аппликейшнаараа дамжуулж авах, өсвөр насныханд зориулж бүтээгдэхүүн гаргадаг компаниудын хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломж бүрдэх юм. Нөгөөтэйгүүр, “Ногоон паспорт” аяныг сонирхсон хүн бүрт хүртээмжтэй болж байна гэсэн үг. Бидний хийж буй ажил олны анхааралд орж, ахлах ангийн сурагчдаас гадна бага ангийнхан, оюутнууд цаашлаад албан байгууллагууд энэхүү аянд оролцох хүсэлтүүдээ илэрхийлээд байгаа. Тэгэхээр “Ногоон паспорт” аян маань сонирхсон бүх хүнд нээлттэй боллоо. Аппликейшнд маань “Дижитал ой” гэсэн цэс бий. Энэхүү цэснээс та модны сонголтоо хийж, хямдралтай үнээр худалдаж авах боломжтой. Улаанбаатар хотноо дэлхийн байгаль орчны салбарын тэргүүнүүдийг цуглуулсан Парисын хэлэлцээрт оруулах үндэсний хувь нэмэр олон улсын чуулганы үеэр “Ногоон паспорт” аппликейшны нээлтийг хийсэн. Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 14-нд сурагчдынхаа дунд нээлтийг нь хийж, мэдээлэл өгөх өдөрлөг зохион байгуулахад Сэлэнгэ аймгаас хүртэл сурагч хүүхдүүд ирсэн байсан шүү.

– “Ногоон паспорт” аяны бас нэг том амжилт нь Ногоон төгөл байгуулсан явдал. Та энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

– Бид “Ногоон паспорт” аяны хүрээнд маш олон ажил хийсэн. Анх удаа ерөнхий боловсролын сургуулиудын эко клубуудын сурагчдыг нэг дор цуглуулж, чуулган зохион байгуулсан. Бас анх удаа сургуулиудын эко клубын багш нарын чуулганыг зохион байгууллаа. Өөр нэг томоохон ажил нь “Ногоон паспорт” эзэмшигч сурагчидтайгаа хамтран 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт тус бүр 3.5 га газарт усалгааны систем, сүүдрэвч, хамгаалалт бүхий “Ногоон паспорт-Ногоон төгөл” бутлаг ургамлын цэцэрлэгийг байгуулсан явдал яах аргагүй мөн. Усалгааны систем, сүүдрэвч, хамгаалалт байгуулсан нь мод ургах нөхцөлийг бүрдүүлээд зогсохгүй хүүхдүүддээ тарьсан модоо байнга эргэж тойрч, тордох боломжоор хангаж буй явдал юм. “Ногоон паспорт-Ногоон төгөл” цэцэрлэг удахгүй цэцэрлэгт хүрээлэн болж аймаг, дүүрэг тус бүрт иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж болж сүндэрлэнэ гэдэгт итгэл төгс байна. Одоогоос нэг жил гаруйн өмнө 2018 оны есдүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Хамарын хийдэд Говьсүмбэр, Дорноговь, Улаанбаатар хотын 350 орчим хүүхдийн хамт 500 төрлийн мод тарьсан нь “Ногоон төгөл”-ийн эхлэл болж байсан юм. Тэрхүү төгөл маань 100 хувь ургасан шиг энэ жил байгуулсан төглүүд маань ч өндөр ургана гэдэгт найдаж байгаа.

– “Ногоон паспорт” аяны санаа хэрхэн төрсөн бэ?

– Манай гэр бүл ахлах ангийн сурагчаас эхлээд цэцэрлэгийн насны дөрвөн хүүхэдтэй л дээ. Тэд маань гэр бүлдээ их нөлөө үзүүлдэг юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан тушаалыг аваад “Хандлагаа өөрчилье” гэдэг уриалга дэвшүүлэхдээ хүүхдүүдээр дамжуулан томчуудын хандлагыг өөрчлөх нь хамгийн шалгарсан арга гэдгийг ойлгож, ахлах ангийн сурагчдад байгаль орчны боловсрол олгож, өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бий болгоё гэж тооцоолсны үндсэн дээр ямар ажил хийх вэ гэдэг дээр судалгаа хийлгэсэн. Ярилцлагын эхэнд дурдсанчлан ахлах ангийн сурагчид ус, эрчим хүчээ хэмнэж, жилд нэг мод тарьж, хогоо ангилдаг болоход 2027 оноос Монгол Улс байгаль хамгаалалд зарцуулах ёстой 12 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэнэ гэсэн тооцоололд үндэслэн байгальд ээлтэй есөн үйлдэл бүхий сурагчдын хөтлөх дэвтэр гаргаж, сайн хөтөлсөн сурагчдыг урамшуулах, хооронд нь туршлага судлуулж, олон улсын туршлагаас хуваалцуулах ёстой гэдэг дээр манай багийнхан санал нэгдэж, тэрхүү дэвтрээ шинэ эринд нэвтрэх эрх буюу “Ногоон паспорт” гэж нэрийдэхээр тохирч байлаа. Энэхүү саналаа байгаль орчны салбарын тэргүүлэгчид чуулдаг НҮБ-ийн Ерөнхий ассамблейн III чуулганы хуралдаанд буюу 2018 оны гуравдугаар сард танилцуулан, дэмжлэг авч аянаа эхлүүлж байлаа. Жил бүр Кени улсын нийслэл Найроби хотод болдог уг чуулганд дараа жил нь оролцохдоо нэг жилийн өмнө ердөө санаа байсан “Ногоон паспорт” аян хэрхэн ажил хэрэг болж, Монголын сурагчид хэрхэн байгалиа хамгаалж байгааг танилцуулахдаа Монголынхоо сурагчдаар үнэхээр их бахархсан. Шилдэг сурагчдаа олон улсын хурал, зөвлөгөөнд оролцуулахаас гадна дэлхийн байгаль хамгаалагч элч нартай уулзах боломжоор хангахын төлөө ажиллаж байна. Дэлхий нийтэд үлгэр дуурайлал болсон Холливудын оддоос эхлээд алдартай дуучид, тамирчид байгаль хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулж, олон нийтийг эко амьдралын хэв маягт уриалан дуудсаар байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Шведийн улсын сурагч Грета Тунберг гэгч охин уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуусын дуу хоолойн төлөөлөл болж, “TIME” сэтгүүлийн оны онцлох хүнээр шалгарсныг та бүхэн санаж байгаа байх. Тиймээс ч бидний зүгээс өсвөр үеийн залуусынхаа дуу хоолойгоор дамжуулан олон нийтийг эко амьдралын хэв маягт татаж, эх дэлхийгээ ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээхийг уриалан дуудаж байгаа юм. Энэхүү аяныг маань урлаг соёл, спортын одод дэмжиж байгаад баяртай байгаа. Тухайлбал дуучин Т.Дэлгэрмөрөн Усны элч дуучин болж, олон нийтэд усаа хайрлахыг уриалж байгаа бол жүжигчин Л.Баттулга буюу Аглуу маань Агаарын бохирдлын эсрэг элч болж, агаарын бохирдлын эсрэг иргэн бүр хүчээ нэгтгэхийг уриалж эхэлсэн. Дуучин С.Баярцэцэг мөн Ногоон хөгжлийн элч дуучин болж, иргэдийг эко амьдралын хэв маягт уриалан дуудаж байгаад баяртай байна.

– “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд “Ногоон паспорт”-оос гадна багагүй ажил хийсэн байсан?

– Монголчууд байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах уламжлалт зан заншлаа сүүлийн 20 гаруй жил орхигдуулсан нь нууц биш. Үүнийг залруулах зорилгоор “Цэвэрхэн шинэлцгээе”, “Цэвэрхэн наадацгаая”, аяныг санаачлан хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүллээ. Монголчуудын уламжлалт баяр болох Сар шинийн баярын үеэр бурхан шашны хийдүүдийн лам хуваргуудтай хамтран байгаль хамгаалагчид маань томоохон овоонуудыг цэвэрлэж, иргэддээ уул усаа бохирдуулахгүй цэвэрхэн шинэлэхийг уриалж байна. Мөн үндэсний их баяр наадмаар “Цэвэрхэн наадацгаая” уриалгыг маань баяр наадам зохион байгуулах үндэсний хороо, БОАЖЯ-ны харьяа тусгай хамгаалалттай газар, сав газрын захиргаад, 21 аймгийн ЗДТГ, БОАЖГ-ууд, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Монгол наадам цогцолбор, МОХ зэрэг төр, хувийн хэвшлүүд дэмжиж, хоггүй цэвэрхэн наадсан. “Цэвэрхэн наадацгаая” аяныг маань Засгийн газраас сайшааж, Ерөнхий сайдын захирамжаар өргөтгөн “Хоггүй цэвэрхэн Монгол” жилийн аяныг санаачлаад амжилттай хэрэгжүүлж байна. “Хоггүй цэвэрхэн Монгол” аянд улс орон даяараа нэгдсэн нь Монгол Улс хогноосоо цаашлаад иргэд маань тархиныхаа хогноос салах эхлэл болж байна гэж харж байгаа. Аяны хүрээнд орон сууцнууд болон сургууль, цэцэрлэгүүдэд хог ангилах хогийн сав байрлуулах төслийн уралдаан зарлаж, “Мог пластик” ХХК шалгаран амжилттай ажиллаж байна. Тус компаниас нийт найман аймагт хог бутлагч, пресслэгч машиныг өнгөрсөн сард хүлээлгэж өгсөн. Мөн хаягдал дугуй цуглуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийн шалгаруулалт зарлаж, “Инахис” компани шалгаран, хаягдал дугуйгаар хүүхдийн тоглоомын талбай тохижуулахаас эхлээд явган хүний зам хийх ажлуудыг амжилттай эхлүүлээд байна. “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд хийж буй аянууд маань Монгол орны өнцөг булан бүрт буй хүмүүст хүрсэн ажил болсонд бага ч гэсэн бахархаж байгаа ч нөгөө талаас энэ нь бидний хийх л ёстой ажил. Оройтсон байж магадгүй ч эхлүүлээд үр дүн гарч байгаа нь чухал. Эерэг хандлагыг дадал болгох нь бидний гол зорилго юм.