Увсын чацаргана дэлхийн бренд болно
Нийтэлсэн: 2020-03-19

Монгол улсын гадаад худалдааг дэмжих зорилготой “TRAM” төслийн хүрээнд Европын холбооны газар зүйн заалтад Увс аймгийн чацарганыг бүртгүүлэх боломж бүрдсэн. Европын холбооны газарзүйн заалтыг авснаар чацарганын бүтээгдэхүүнийг тус холбооны улсуудад экспортлох, чанар шалгуурыг хангаснаа баталгаажуулах эрх үүснэ.

Газар зүйн заалтад бүртгэгдсэн бүсэд ажиллаж байгаа тариаланчид, үйлдвэрлэгчид Европын холбооны зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд хамтын оролцоо хамгийн чухал. Энэ ажлын ач холбогдлыг таниулах, бэлтгэх зорилгоор БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, МҮХАҮТ болон Увс аймгийн ЗДТГ хамтран орон нутагт 55 ААН, тариалан үйлдвэр эрхлэгч нарт “Европын холбооны зах зээлд чацарганы бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд газарзүйн заалтын ач холбогдол” сэдэвт уулзалт зохион байгуулан, эргэх холбоотой ажиллаж байна.