МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Австрали улсад магистр хамгаалж, эх орондоо ирээд үзсэн харсан, сайн сайхан зүйлсээ бусадтай хуваалцах гэсэн сэтгэлээ нэгтгэсэн ээжүүд “Хөдөөгийн алслагдсан сумдын малчдын хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох” зорилгоор “Эрдмийн богц” төслийг 2017 оноос хэрэгжүүлжээ. Төслийг анх Австрали улсын засгийн газрын тэтгэлгээр эхлүүлэхээр эхний үе шатад 40 сая төгрөгийн санхүүжүүлэлт авч чаджээ. Төсөл үр дүнгээ өгч, цаашид хэрэгжүүлэх гэсэн боловч ээжүүдэд санхүүгийн бэршээл тулгарч, олон газарт хандсан ч хариу авалгүй УИХ-ын Н.Цэрэнбатад хандснаар асуудал шийдэгджээ.
Хүүхдийг сургуульд ороод бүх зүйлийг ойлгох чадвартай, хөгжих боломжтой гэж боддог түгээмэл алдаа Монголчуудын дунд байдаг. Гэвч хүний тархины хөгжил хамгийн идэвхитэй явагддаг үе нь 0-7 нас. Гэтэл малчны хүүхдүүд энэ насандаа мэдлэг олж авах суурь боловсролд хамрагдаж чаддаггүй. Хүүхдийн төлөө бүхнийг дэмжинэ гэж бидний үйл ажиллагааг дэмжиж, үнэтэй зөвлөгөөнүүдээ өгч, онцгой анхаарч байдаг Н.Цэрэнбат гишүүнд төслийн багийнхан талархсанаа илэрхийлж байлаа.
Төслийн хүрээнд тэдэнд зориулсан явуулын номын сангийн үйлчилгээг нэвтрүүлж, Увс аймгийн Өмнөговь, Ховд суманд тус бүр нэг өрөөг бүрэн тохижуулаад байна. Тэнд бага насны хүүхдэд зориулсан сурах бичиг, тоглоом хэрэглэгдэхүүн, номын сан бүгд бий. Хүүхдүүд сумын төвийн сургуулиас “Эрдмийн богц”-оо авахдаа сургуулийн орчинтой танилцан, тохижуулсан өрөөндөө ирж тоглоно. Богцоо гэртээ аваад харьж, үргэлжлүүлэн тоглох боломжийг бүрдүүлсэн бөгөөд уг төслийн агуулга, хэрэгжилтэнд орон нутгийн иргэд сэтгэл хангалуун байдаг аж.
Судалгаагаар 4-6 нас бол хүүхдийн тоглоомын нас гэж үзжээ. Энэ насан дээрээ хүүхэд тоглоомоор дамжуулан нийгмийн харилцааны ур чадвар, асуудлыг шийдвэрлэх, хийсвэрлэн бодох чадвар зэрэгт суралцаж байдаг. Харин энэ насан дээр хүүхдийг заавал уншиж, бичүүлж, бодож сургах гэж хүчлэх хэрэггүй бөгөөд эрт уншиж бичсэнээр үеийнхээ хүүхдүүдээс түрүүлж, гоц хөгждөггүй гэдгийг баталсан байна. Цаашид уг төсөл хүрээгээ тэлж, бусад аймаг сумдад хэрэгжихээр төлөвлөн ажиллаж байна.