Бөхийн удам
Нийтэлсэн: 2017-05-22

Өвөө Ж.Гэлэг нь улсын начин, аав Г.Намсрайжав нь улсын харцага, авга ах химийн ухааны доктор,профессор, самбын ОУХМ Г.Даваасамбуу нь улсын начин, Г.Дансран нь аймгийн заан, Н.Баярмагнай нь чөлөөт бөхийн Ази тивийн аварга, улсын 5 удаагийн аварга, ОУХМ, аймгийн арслан цолтой. Мөн олимпийн хүрэл медальт, МУГТ, улсын начин Р.Даваадалай, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, МУГТ, улсын начин Ло.Энхбаяр, улсын начин Ло.Эрхбаяр нар ээжийнх нь хамаатан. Өөрөөр хэлбэл 2 талдаа бөхийн удамтай. Намсрайжавын Батсуурь 1987 онд Увс аймагт төрсөн. Увс аймгийн Ховд сумын уугуул. Жүдо бөхийн ОУХМ, үндэсний бөхийн улсын аварга цолтон.

Тэрбээр эхийн талаасаа буюу Ховд аймгийн Дарви сумын уугуул Олхонууд Олимпийн хүрэл медальт, улсын начин Р.Даваадалайн зээ дүү юм. 2006 онд Ховд аймгийн баяр наадамд 5 давж аймгийн начин, 2011 онд ДарханУул аймгийн 50 жилийн ойн барилдаанд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Бөхийн өргөөнд болдог барилдаануудад аварга, арслан, гарьд, заан цолтнуудыг өвдөг шороодуулж үзэгчдийг шуугиулдаг дайчин, шуурхай, хийцтэй барилдаантай бөх бөгөөд 2011 оны цагаан сарын барилдааны үеэр Даян аварга А.Сүхбат түүнд “Ирээдүйн аварга” шагналаа гардуулсан.

Тэрээр 2013 оны улсын наадамд 6 давж шөвгөрөн, улсын харцага цол хүртжээ(3-ын даваанд аймгийн хурц арслан Б.Одгэрэлтэй тунаж, 4-ийн даваанд 2012 оны түрүү бөх улсын арслан П.Бүрэнтөгстэй оноолтоор таарч, 5-ын даваанд улсын харцага н.Өсөх-Ирээдүйг, 6-ын даваанд аймгийн хурц арслан Л.Цэрэнтогтохтой тунаж давсан бөгөөд 7-ын даваанд улсын начин Б.Батмөнхтэй тунаж барилдаад унасан). 2011 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж “Спортын мастер”, 2011 оны дэлхийн цомын аваргаас хүрэл медаль хүртэж “ОУХМ” цол хүртсэн, 2013 онд мөн жүдо бөхийн улсын аварга болсон, 2012 оны дэлхийн цомоос хүрэл, 2012 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн жүдоч.