Бөхийн “Увс Нуур” галын тэргүүний хариуцлагатай ажлыг гүйцэтгэж эхлэлээ.
Нийтэлсэн: 2020-04-20

Намсрайн ЦЭРЭНБАТ миний бие, нутгийнхаа зон олон, хүчит бөхчүүд, галын үе, үеийн багш дасгалжуулагчид, удирдлагууд, улс төр, бизнесийн төлөөллүүдийнхээ хүндэтгэлийг хүлээн авч, Бөхийн “Увс Нуур” галын тэргүүний хариуцлагатай ажлыг гүйцэтгэж эхлэлээ.

Бөхийн “Увс Нуур” гал 1998 онд үүсгэн байгуулагдаж, энэ онд 20 жилийн ойгоо амжилттай тэмдэглэн өнгөрүүлж байна. Өнгөрсөн хугацаанд Улсын баяр наадамд Увс нутгийн бөхчүүд маань таван түрүүг хүртэж, давхардсан тоогоор гурван бөх таван удаа үзүүрлэж, 11 удаа их шөвөгт үлдэж, 20 гаруй шинэ цолтон төрөн гарсан байна. Энэхүү амжилтын эзэд болсон бөхчүүдийнхээ тууштай дасгал, сургуулилт, хичээл зүтгэлээр бахархаж байгаа илэрхийлэхийн зэрэгцээ галын үе, үеийн багш дасгалжуулагчид, удирдлагууддаа, улс төр, бизнесийн төлөөллүүдийнхээ дэмжлэгт талархаж байгаагаа хэлмээр байна.

Миний бие бизнесийн салбарт орсон цагаасаа эхлэн нутгийн бөхчүүд, галын үйл ажиллагааг идэвхтэй, тогтмол дэмжсээр ирсэн бөгөөд залуу хүний хувьд Монголын үндэсний бөхийн спортыг шинэ эриний чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх хүсэл, тэмүүлэлдээ хөтлөгдөн хичээн ажиллах болно.