Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын IV хуралдаан Сөүл хотноо боллоо
Нийтэлсэн: 2019-06-27

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны IV хуралдаан энэ оны 6 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо болж өнгөрөв. Хуралдааныг Монголын хэсгийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Солонгосын хэсгийн дарга, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ли Тэ Ху нар ахлав.

Засгийн газар хоорондын Хамтарсан хороо нь 2015 онд байгуулагдаж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, иргэд консулын харилцаа болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэх чухал механизм болж өргөжин хөгжиж байна.

Энэ удаагийн хуралдааны үеэр Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг шат ахиулан “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэх бэлтгэл ажлыг хангах, 2020 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан ирэх оныг “Монгол, Солонгосын найрамдлын жил” болгон зарлах, тусгай төлөвлөгөөний дагуу улс төр, эдийн засаг, соёл, урлагийн зэрэг 30  арга хэмжээг зохион байгуулахаар ярилцав. Сайд Н.Цэрэнбат манай иргэд солонгосын виз мэдүүлж авахад урт хугацаа зарцуулж байгааг богиносгох талаар дорвитой арга хэмжээ авч өгөхийг солонгосын талд хүсэлт болгов.