Хилийн боомтуудад жуулчдад цогц мэдээлэл өгөх “Электрон хөтөч” гардууллаа
Нийтэлсэн: 2019-09-11

БОАЖЯ-наас хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд 21 боомтын захиргаанд жуулчдад зориулсан анхан шатны хөтчийн үйлчилгээ үзүүлэх аппликэйшн бүхий электрон дэлгэц хүлээлгэж өглөө. Электрон хөтөчийг холбогдох байгууллагуудад хүлээлгэж өгөх үеэр БОАЖын сайд Н.Цэрэнбат “Боомтуудад электрон хөтөчийг байршуулснаар нэвтэрч буй жуулчдад тулгардаг хүндрэл бэрхшээл багасч, хил орчмын аялал жуулчлал хөгжих эхлэл тавигдах юм” хэмээлээ.

Боомтуудад хүлээлгэн өгөх электрон хөтчийг хүлээж авсан Хил хамгаалах ерөнхий газрын Шалган нэвтрүүлэх хэлтсийн дарга хурандаа Д.Ганбаатар “Боомтоор нэвтэрч буй жуулчдад мэдээлэл өгөхөд тулгардаг хүндрэлийг шийдэж өгч байгаад баяртай байна. Боомтоор нэвтрэх жуулчид хүлээлгийн танхимд байх хугацаандаа Монгол орны талаарх бүхий л мэдээллийг нэг дороос авах боломжтой болсон нь аялал жуулчлалын хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэж итгэж байна” гэв.