БОАЖ-ны сайд Н.Цэрэнбат “Аи Ти Би Берлин-2019” Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцлоо
Нийтэлсэн: 2019-03-14

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын нийслэл Берлин хотноо “ITB Berlin 2019” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 53 дахь удаагаа энэ сарын 6-10-ны өдрүүдэд боллоо. Тус үзэсгэлэнд Монгол Улсыг сурталчлах талбайн нээлтийн үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Монгол Улсаас ТБНГУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат, Нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр нараар ахлуулсан төлөөлөгчид оролцлоо.

Үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдсан олон улсын аялал жуулчлалын шилдэг кино, хэвлэл, мульт медиа шалгаруулдаг 19 дэх удаагийн Golden City Gate уралдаанд Монгол Улсын “Welcome to Mongolia” дууны клип тэргүүн байрын шагналыг хүртлээ. Уг бүтээлийг үзэсгэлэнгийн 5 өдрийн турш олон нийтэд толилуулсан нь Монгол Улсын томоохон сурталчилгаа болж чадлаа. Мөн Монгол Улсын Булган аймагт байрлах Туур Монголиа компаний Гурван булаг эко жуулчны бааз 46 улсын 800 аж ахуйн нэгжүүдээс шилдэг 2 дугаар байранд шалгарч “Аялал жуулчлалын байр сууцны тогтвортой хөгжлийн шагнал” хүртсэн байна.