“Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага”-тай хамтарна
Нийтэлсэн: 2019-06-14

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага”-ын Гүйцэтгэх захирал Фрэнк Райшберман (Frank R. Rijsberman)-ыг хүлээн авч, Сөүл хотноо хоёр талт уулзалт хийлээ. Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага нь 2011 оноос хойш БОАЖЯ-аар дамжуулан Монгол Улсын Засгийн газартай Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох, түүний хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, зорилтуудыг загварчлах асуудалд бодлогын зөвлөгөө өгөх болон бусад байдлаар ногоон хөгжлийн салбарт хамтран ажиллаж байгаа юм.

Тухайлбал, байгалийн нөөцийн үр ашигтай зарцуулалт, байгаль орчинд нээлттэй шинэ технологи нэвтрүүлэх, эрчим хүч болон үйлдвэрлэлийн хэрэглээний үр ашгийг сайжруулах, барилгын дулаан алдагдлыг бууруулах гэх мэтчилэн ногоон хөгжлийн салбарт олон арга хэмжээг хамтран хэрэгжүүлсээр ирснийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат уулзалтын үеэр онцоллоо.