Шахмал түлшний “Сайн” смарт картыг харьяа хороогоор дамжуулан айл өрх бүрт үнэгүй тараана
Нийтэлсэн: 2019-04-13

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон бусад албаны төлөөлөл өнөөдөр “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл явц, борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагаатай танилцсан юм. Гэр хорооллын дунд борлуулалтын цэгийг түлшээр тасралтгүй хангаж байх хангамжийн төв 40- ийг байгуулсан нь гэрээт 500 цэгийг өдөр бүр шаардлагатай түлшээр хангаж ажиллана. Хэрэглэгчид сайжруулсан шахмал түлшийг худалдан авахдаа “Сайн” нэртэй смарт карт ашиглана. Нэг карт нь гурван тонн түлш худалдан авах эрхтэй байх бөгөөд иргэд түлш худалдан авахдаа картаа гэрээт борлуулагчийн аппликэшнд уншуулж, үндсэн эрхээсээ хасуулан тооцно. Энэ мэтээр хэрэглэх хэмжээ нь дууссан тохиолдолд “Таван толгой түлш” ХХК-д хандан эрхээ сэргээлгэх боломжтой. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын ард иргэдийн 10 жилийн дундаж хэрэглээний төвшингөөр авч үзвэл хоёр сарын түлшний нөөцтэй байна. Нүүрс хомсдоно гэсэн элдэв мэдээлэлд ард иргэдийг битгий автаасай гэдгийг энд онцолж хэлье.

НЭГ БОРЛУУЛАЛТЫН ЦЭГ 400 ӨРХИЙГ ХАРИУЦАЖ САЙН ТҮЛШЭЭР ХАНГАНА. ӨНӨӨДӨР 230 ГАРУЙ ХҮН ГЭРЭЭГЭЭ ХИЙГЭЭД СУРГАЛТАНДАА ХАМРАГДАХАД БЭЛЭН БОЛСОН БАЙНА. “САЙН” ТҮЛШ ХЭРЭГЛЭХЭД ГАРАХ ХҮНДРЭЛ ГЭВЭЛ ХЭРЭГЛЭГЧИД ХЭРЭГЛЭЖ ДАДАХ АСУУДАЛ ЮМ.

Шинэ зүйлийг хэрэглэж эхэлж байгаа анхны жил учраас бүгд хүлээцтэй хандан хэрэглээсэй гэж хүсч байна. Мөн гэр, байшингийнхаа дулаалгыг сайн хийхийг иргэддээ уриалья” гэв.