МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Австрали улсад магистр хамгаалж эх орондоо буцаж ирээд үзсэн, харсан сайн сайхан зүйлсээ бусадтай хуваалцах гэж сэтгэлээ нэгтгэсэн ээжүүд “Хөдөөгийн алслагдсан сумдын малчдын хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох” зорилгоор “Эрдмийн богц” төслийг санаачлан хэрэгжүүлжээ. Тодруулбал төслийн ахлагч Н.Энхчимэг, гишүүд болох Н.Эрдэнэмядаг, Б.Болорчимэг, Б.Мөнхцэцэг нар Австрали улсын засгийн газрын тэтгэлгээр энэхүү төслөө эхлүүлжээ. Үүнийг нь тус улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд ноён Жон Лаури хүндэтгэн үзэж бас дэмжжээ. Ийнхүү төслийн нийт санхүүжилт болох 40 орчим сая төгрөгийг тус улсын засгийн газраас олгож, үлдсэнийг хэрхэн санхүүжүүлэх тодорхой бус байв. Олон газартай уулзсан ч нааштай хариу хүлээж авсангүй. Ингээд төслөө хэрэгжүүлэхээр Увс аймгаас сонгогдсон төрийн түшээ Н.Цэрэнбатад хандахад “Хүүхдийн төлөө бол би бүхнийг дэмжинэ” хэмээн хэлжээ. Ингэж үлдсэн санхүүжилтээсээ шалтгаалж удааширч байсан төсөл хэрэгжихээр болжээ. Төслийн гол зорилго нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа алслагдсан сумдын хүүхдүүдэд туслах юм.
Монголчууд бидний түгээмэл гаргадаг нэгэн алдаа бол хүүхэд сургуульд ороод бүх зүйлсийг ойлгох чадвартай, хөгжих боломжтой гэж боддог. Гэтэл хүний тархины хөгжил идэвхтэйгээр явагддаг үе бол 0-7 насанд байдаг. Хөдөөд малчны хүүхдүүд энэ насандаа мэдлэг олж авах боловсролд хамрагдаж чаддаггүй. Төслийн хүрээнд тэдэнд зориулсан явуулын номын сангийн үйлчилгээг нэвтрүүлж тус аймгийн Өмнөговь, Ховд суманд тус бүр нэг өрөөг бүрэн тохижуулжээ. Энд бага насны хүүхдэд зориулсан сурах бичиг, тоглоом, номын сан зэрэг бүх зүйл бий. Хүүхдүүд ээж, аав, эмээ, өвөө, ах эгчтэйгээ хамт ирж сумын төвийн сургуулиас “Эрдмийн богц”-оо авахдаа тоглож наадах, сургуулийн
орчинтой танилцах юм. Хүүхдүүд тохижуулсан өрөөндөө ирж тоглоно. Богцоо аваад явж, гэртээ үргэлжлүүлэн сурах боломжтой аж. Уг төслийн агуулга хэрэгжилтийг орон нутгийн иргэд сайнаар хүлээн авч байгаа ажээ. УИХ-ийн гишүүн Цэрэнбатын хувьд төслийн үйл ажиллагааг дэмжиж, үнэтэй зөвлөгөөнүүдээ өгч, онцгой анхаарч байдагт төслийн гишүүд талархдагаа хэлж байлаа. Ер нь сургуулиас өмнөх нас буюу 4-6 нас бол хүүхдийн тоглоомын нас. Энэ насан дээрээ хүүхдүүд тоглоомоор дамжуулан нийгмийн харилцааны ур чадвар, асуудлыг шийдвэрлэх, хийсвэрлэн бодох чадвар гэх мэт олон ур чадваруудад суралцаж байдаг. Энэ насан дээр заавал уншуулж бичүүлж сургах гээд хүчлэх хэрэггүй. Судалгаагаар эрт уншиж бичсэнээр үеийнхээ хүүхдүүдээс түрүүлж гоц хөгждөггүй гэдгийг эрдэмтэд баталсан ажээ. Цаашид уг төсөл улам өргөжин тэлж бусад аймгуудад хэрэгжихээр төлөвлөж байгаа ажээ.