Аялал жуулчлалаар иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлнэ
Нийтэлсэн: 2017-04-09

УИХ-ын гишүүн, БОАЖын сайд Н.Цэрэнбаттай ярилцлаа.

           – Өнгөрсөн хугацаанд таны хийсэн гол гол ажлуудын талаар ярилцъя?

– Сонгогдсон цагаас хойш гурван чиглэлийн хүрээнд ажиллаж байна. Нэгдүгээрт, иргэдийн одоогийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх, ажлын байрыг хэрхэн бий болгох юм. Хоёрдугаарт, тэдний эрүүл мэндийн төлөө, хэрхэн урьдчилан сэргийлэх чиглэл. Харин гуравдугаарт, цаашдын ирээдүйд хэрхэн амьдрах вэ гэж. Эхний чиглэлийн ажлын байрыг бий болгох үүднээс “Шинэ эрин аялал жуулчлал”, “Шинэ эрин ногоочид” төсөл хэрэгжүүлж, энэ хүрээнд тойргийнхоо иргэдэд өөрөө биечлэн сургалт хийж, нөхөрлөл хоршоо, аялал жуулчлал, зочид буудал, цайны газар, рестораны аж ахуй эрхлэгчидтэй уулзлаа.

Эдийн засгийн хөгжлийн үүднээс харахад хамгийн бага хөрөнгө оруулалт шаардаж, түүнийгээ нөхөөд явах салбар нь аялал жуулчлал учир орон нутагт маань хөгжих боломжтой гэж үзсэн. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүдэд аялал жуулчлалаар дамжуулж хэрхэн орлогоо нэмэгдүүлэх талаар сургалтыг жил гаруйн хугацаанд явуулж байгаад Байгаль орчин аялал жуулчлалын сайд болсон. Тойрогтоо хэрэгжүүлж байсан энэ ажлаа Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлээд явах ёстой гэж бодон ажиллаж байна. Ард иргэдийнхээ нийтлэг эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг туслалцаа их хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд Увс аймгийнхаа Хяргас сумын эмнэлгийг Австрали дахь найзтайгаа хамтарч иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглолоо. Мөн Эрүүл мэндийн яамтай хамтарч малчдад зориулсан алсын зайн оношилгооны цахим хэрэгслийг нэвтрүүлэв. Засгийн газартай хамтарч багийн эмч нарын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, ажлын байрны нөхцөлд дэмжлэг үзүүлэх, унаа машинаар хангах зэрэг ажлыг хийсэн.

Цаашид ард иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай олгоход анхаарч ажиллана. Нутгийн удирдлагуудтай удаа дараагийн уулзалт, сургалт хийж, тэдэнд өөрийн зүгээс туслах, санаачилгын хүрээнд юу хийх ёстойг хэлэлцлээ.

Танай тойрогт тулгамдсан ямар асуудлууд байна вэ?

– Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх. Мөн малын гаралтай түүхий эдийг үнэ уналттай байна. Малын гаралтай түүхий эдийн үнийг хэрхэн яаж өсгөх вэ? гэдэг нь зөвхөн манай аймаг ч гэлтгүй, бүх нийтийн тулгамдсан асуудал болоод байна. Үүнийг яавал дээр, ямар төлөвлөгөөний дагуу ажиллах вэ гэдэгт төвлөрөн ажиллаж байна.

          – Цаашид зөвхөн тойрогтоо гэлтгүй энэ нутгаас сонгогдсон гишүүдтэйгээ хамтарч Увс аймагтаа хийх ямар ажлууд байна вэ?

– Увс руу чиглэсэн ажлуудын нэг нь аймгийн залуучуудыг илүү чадвартай, боловсролтой болгох нь “Шинэ эрин” төслийн маань нэг хэсэг. Энэ төслийн хүрээнд өнгөрсөн жил хийсэн ажлуудаа энэ онд үргэлжлүүлж байна. Мөн төслийн хүрээнд амжилттай яваа олон залуусыг гадаад, дотоодод аялуулах төдийгүй мэдлэг, чадвартай хүмүүсийг урьж лекц уншуулах, алсын зайнаас сургалт явуулж дараа дараагийн боломжуудыг эрэлхийлж ажиллаж байна. Нөгөөтэйгүүр, Увс нутагт тулгамдаж байгаа асуудлуудад тодорхой бодлого хэрэгжүүлж байгаа ч өрх толгойлсон эмэгтэйчүүд болон хүүхдээ харж гэртээ суугаа эхчүүдэд давхар орлого олох боломжийг эрж судалгаа хийж байна.

–  Шинэ эрин төслийн талаар дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу?

–  Бид уламжлалт хандлагаар орчин үед амьдрах чадваргүй болж байна. Тиймээс Монголын хойч үеэ шинэ эриний шаардлагад нийцүүлэхийн тулд чадвартай боловсон хүчин бэлтгэх нь төслийн гол зорилго. Мөн ангиараа онц сурах ёстой. Тиймээс миний тавьж байгаа шаардлага ангиараа онц сур, болно, болох ёстой. Дэлхий нийтийн жишгийг бид хэрэгжүүлэхийг зорьж, төслөө өөрөө удирдан, багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдэд төслийнхөө зорилго, үр дүнг, хүүхдүүддээ дэлхий дахинд амжилтаараа манлайлж буй залуусын түүхийг ярьж байгаа. Нутгийн иргэдийн сонгосон гишүүний хувьд тэдний үр хүүхдийг Монголын шинэ үеийн төгс жишээ болгохын төлөө явна. Үүнийгээ ч хэлсэн.

Шинэ эриний дэвтэр гэж бий. Тэр дэвтэр дээр сурагч чадахгүй зүйлээ чаддаг болтлоо хийгээд, багшаараа гарын үсэг зуруулдаг. Би тойргийнхоо айлуудаар орохдоо хүүхдүүдийнхээ тэр дэвтрийг авч үзнэ. Заримд нь гарыг үсэг зурна. Чадахгүйгээ нуух биш түүнийгээ ил болгоод чаддаг болохын төлөө ангиараа онц сурах нь шинэ эрин төслийн маань гол зорилго. Мэдлэгээ хуваалцах философи дээр энэ төслийн гол агуулга явж байгаа.

       – Танай тойрогт ямар давуу тал байна вэ?

– Аймгийн төвийн дөрвөн багийн иргэдээс гадна тойргийн хүн амын ихэнх нь малчин. Мөн аялал жуулчлалын том маршрут бүхий бүс нутаг. -Хөдөөгийн хөгжил, малчид руу чиглэсэн олон ажил яригдаж байна. Таны хувьд юунд түлхүү анхаарч байна вэ?
-Малчдын орлогыг нэмэх хэрэгтэй байна. Олон зүйлийг хамтарч хийснээр хандлага чиглэлээ тодорхойлон үр дүнд хүрч чадна. Малчдын орлогыг нэмэгдүүлэхэд шаардлагатай зүйлс, хот суурин газрын чиг хандлага, үйл ажиллагаа гээд бүх зүйлээ өөрчилж байж шинэ түвшинд хүрэхийн төлөө явж байна. Фермерүүдтэй төсөл хэрэгжүүлээд эхний ээлжид дотроо баг болж, сум болгоныг өөрсдийн нэг хоршоотой болгохыг зорьж буй. Би боломж олгох зах зээлийг нь эрэлхийлье гэж байгаа. “Шинэ эрин ногоочид” төсөл нь иргэдийг илүү үр шимтэй, илүү ашиг олох боломжтой ногоо тарихад чиглүүлж байна.

         – Увс аймаг аялал жуулчлалын бүс нутаг. Энэ салбарын улсын хөгжлийг тэр дундаа баруун аймгуудын хөгжлийг та хэрхэн харж байна вэ?

– Энэ салбар нь уул уурхай шиг их хэмжээний томоохон хөрөнгө оруулалт шаардахгүйгээрээ онцлог. Мөн ажилгүй иргэдээ сурган ажилд авах боломжтой. Бүс нутгийн аялал жуулчлал нь нутгийн ард иргэдийн оролцоонд тулгуурласан байдаг давуу талтай. Ингэснээрээ нийслэлд мах, сүүгээ борлуулж чадахгүй байгаа малчид аялал жуулчлалын улирлын үед жуулчны баазуудтай хамтарч ажиллах боломжтой. Мөн хүүхдүүд нь зуны амралтаараа аялал жуулчлалын баазад ажиллах тохиромжтой салбар. Бид стандартыг хангаж, зөв хөгжүүлэх ёстой. Мөн гадаад, дотоодын жуулчдын аюулгүй байдлыг сайн хангах ёстой гэх шаардлагуудыг тавьж байна. Манай тойргийн сумд аялал жуулчлалын том маршрут төдийгүй хөгжүүлэх боломжтой учир нутгийн иргэдээ ажлын байртай болгох, аялал жуулчлал тойрсон бизнесүүдээс орлого олох боломжийг бүрдүүлнэ. Үүнийг хэрэгжүүлэхэд цаг хотдоо хэд хэдэн сервис центрийг нээгээд ажиллуулж үзээд бусад аймаг, суурин газрын агаарын бохирдлыг бууруулахад ашиглая гэсэн чиглэлээр ажиллаж байна. Хамгийн гол нь түүхий нүүрсний хэрэглээнээс бид татгалзахаас өөр аргагүй. Ингэж байж агаарын бохирдлыг бууруулна. Үүний дараа хэрэглэх нүүрс нь сайжруулсан, хорт утаа бага хаядаг, бүрэн шаталттай зуух ашигладаг байх хэрэгтэй. Мөн аймаг орон нутгийг цахилгааны хөнгөлөлтөд шилжүүлэх гэхээр бидний одоогийн эрчим хүчний систем нь алдагдалтай, аймаг бүрд үүнийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа.

           – Өнөөдрийг хүртэл Увс аймгийг төлөөлж УИХ-ын гишүүний алба хашихдаа ямар ямар хуулийн төслүүд дээр санаачилж, гар бие орж ажиллав?

– Сонгогдсон үеэс хойш Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг батлах ажлын хэсгийг ахалж ирсэн. Дараа нь Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой ажлын хэсэгт ажиллаад явж байна. Мөн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. Энэ хуулийг ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө УИХ-аар хэлэлцэж өөрчлөх боломжгүй хэмээн буцаан татсан. Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах “төрийн өмчийн компаниудад төрийн бодлого шийдвэрийг олгох ёстой” гэх агуулга бүхий хуулийн төслийг өргөн бариад байна. Одоогийн албаа хүлээж авснаас хойш Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хэрэгжиж байгаа 22 хуулийн хийдэл, давхардлыг арилгалаа. Мөн байгаль орчны хурлыг дүрмийн дагуу хийхэд гарах хүндрэлүүдийг засах ажлуудаа хийгээд хуулийн төслөө Засгийн газарт өргөн барихад бэлэн болоод байна. Харин агаарын бохирдол болон агаарын төлбөрийн тухай хууль, ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн бариад эхний хэсэг нь сая хэлэлцэгдээд батлагдчихлаа. Цаашдаа улс орны хөгжилтэй холбоотой олон хуулийн төсөл дээр ажиллана.