2019 он ур чадвар, мэдлэг боловсролоо дээшлүүлсэн сургалтын жил байлаа
Нийтэлсэн: 2019-04-05

                УИХ-ЫН ГИШҮҮН, БОАЖ-ЫН САЙД Н.ЦЭРЭНБАТТАЙ СОНГОГДСОН ТОЙРОГТОО ХИЙСЭН АЖЛЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА.

       – Өнгөрсөн онд тойрогтоо ямар ажил амжуулж хийсэн бэ?

– 2018 он ачаалал ихтэй жил болж өнгөрлөө. Засгийн газрын гишүүний хувьд, хамгийн их хуримтлагдсан, хүндрэлтэй асуудал хариуцдаг яамыг удирдаж ажилласан. Гэхдээ УИХ-ын гишүүнээр сонгогдсон тойрогтоо амласан амлалтаа биелүүлж, ажил хэрэг болгохын төлөө хичээн ажиллалаа. Нэгд, миний санаачилсан ““Шинэ Эрин” Боловсрол төсөл хоёр дахь жилдээ үр дүн гаргаж байгааг онцлон хэлмээр байна. Увс аймгийн ахлах ангийн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтын нэгдсэн дүнгээрээ улсын хэмжээнд хоёрдугаар байрт орсон. Үүнд бидний хамтын ажиллагаа, нөлөөлсөн гэж үзэж байна. Мөн манай тойргийн сумууд Боловсрол соёлын газрын үнэлгээгээр эхний 10-т дараалан орсон сайн амжилтууд байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдсан ахлах ангийн сурагчдын сургалтын чанар сайжирсан. Шалгалт авсан болон дүнг зассан багш нар хэлж байсан. Хоёрт, багш нараа чадваржуулах зорилгоор сургалтууд хийлээ. 2019 онд эдгээр ажлаа үргэлжлүүлнэ.

     УЛС ХӨГЖИХИЙН ТУЛД ОРОН НУТАГ НЬ ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛТЭЙ БОЛОХ ЁСТОЙ. АЛЬ БОЛОХ ӨӨРСДИЙН ХЭРЭГЛЭЭГЭЭ ДОТООДДОО ӨӨРСДӨӨ ХИЙДЭГ БОЛОХ ЁСТОЙ. ИНГЭСНЭЭР БИД ВАЛЮТЫН УРСГАЛЫГ ЗОГСООНО, ГАРЧ БАЙГАА ХЭРЭГЛЭЭНИЙ ЗАРДЛАА БУУРУУЛНА. БИ АНХ УИХ-ЫН ГИШҮҮНЭЭР СОНГОГДОХДОО Ч ХЭЛЖ БАЙСАН БӨГӨӨД ЭНЭ ХҮРЭЭНД ОЛОН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛСАН.

Тойргийнхоо нийт сумын хэмжээнд хүнсний ногоог гэрийн нөхцөлд “Хэрхэн даршлах вэ, яаж алаг салат хийх вэ?” гэх мэт хийсэн мэргэжлийн сургалтуудад нийтдээ 411 иргэн хамрагдсан. Эдгээр хүмүүсийн 50 хувь нь лаазалсан хүнсний бүтээгдэхүүнийг өөрсдөө бэлдээд, жилийнхээ хэрэглээг хангаад явчих боломжтой болсон. Чадамж сууж байна гэсэн үг. Мөн анх удаагаа Увс аймагт үсчин, гоо сайхны мэргэжлийн боллоо. Орон нутгаас тэр болгон төв суурин газар ирээд сургалтад суух боломжгүй хүмүүст үр дүнгээ өгсөн сургалт юм. Боломжтой ч олноороо ярилцах тохиолдол олддоггүй. Анх удаагаа ийм арга хэмжээг зохион байгуулсан. Хүмүүст хүрсэн ажил гэж бодож байна. Мөн гоо сайхны чиглэлээр сургалт зохион байгуулсан. Учир нь Увс аймаг нь хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамгийн ойр, хамгийн дэд бүтэц сайтай нутаг. ОХУ, Тува улсын жуулчдад зориулсан үйлчилгээ бий болгох үүднээс эдгээр ажлыг санаачлан хийгээд явж байна. Дээрх бүх сургалтын үр дүн нь хүн чаддаг л болчих хэрэгтэй, түүнээс биш нэг объект барих биш юм. Цаашдаа ийм сургалтуудыг аймаг, орон нутагтайгаа хамтран дахин хийнэ. Бид ингэснээр орон нутагтаа ажлын байр бий болгоно. Орон нутаг дахь үйлчилгээ үйлдвэрлэл Улаанбаатар хотынхтой ойролцоо түвшинд очно.

Бидэнд малчдын орлогыг хэрхэн яаж дээшлүүлэх вэ гэсэн гол хүндрэлтэй асуудал байгаа. Энэ хүрээнд Өвөрмонголын Баяннуур аймгийн Ингэний ферм дээр аялал зохион байгуулсан. Тэнд хоёр зуу гаруй ингэ сааж байна. Ингэний ферм жинхэнэ утгаараа хоршиж ажиллаж байна. Тэгвэл манай малчид ингэнүүдээ нийлүүлээд, энгийн үгээр хэлбэл, нэгэндээ ингэнүүдээ түрээслээд, мөн түүхий эдээ борлуулаад явах боломж байна. Үүнийг дагавал өвлийн аялал жуулчлал хөгжинө. Энэ мэтчилэн ард иргэдээ ажилтай, орлоготой болгоход чиглэсэн ажил хийсэн. Үр дүнд ч хүрсэн. Аялалд оролцсон хамрагдсан иргэдийн сэтгэл өндөр байгаа. Үсчний сургалтад хамрагдсан иргэдээс Улаанбаатар хотод зохиогдсон Улсын аварга шалгаруулах үсчдийн тэмцээнээс Н.Чимгээ гуравдугаар байр, Ц.Цэрвээмэд тусгай байранд орсон амжилтууд байна.

Энэ бол бидний ажлын эхлэл бөгөөд тус сургалтын үр дүн нь иргэдэд урам зориг, өөртөө итгэх итгэл өгсөн үйл явц байлаа.        Дараагийн нөхцөл байдал бол эрүүл мэндийн төв, сургуулийн хүртээмжийн асуудал. Өнгөрсөн онд гаднын найз нөхдийн тусламж, өөрийн хөрөнгө оруулалтаар тойргийнхоо нэгдсэн эмнэлгийн нэн хуримтлагдсан шаарлагатай тоног төхөөрөмжийн асуудлыг шийдсэн. Аймгийн төвийн өрхийн эмнэлгүүдийн автомашины засвар, үйлчилгээнд дэмжлэг болгох үүднээс тодорхой хэмжээний санхүүжилтийг мөн шийдвэрлэсэн. Ард иргэдэд үйлчилж буй хүмүүсийн ажлын байрны нөхцөл нь бага хэмжээгээр ч гэсэн сайжирсан.

           ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ ЦЭЦЭРЛЭГИЙН ХУВЬД ЗӨӨЛӨН ЭДИЙН ТОГЛООМЫН АСУУДАЛ БАЙДАГ. ҮҮНИЙГ МӨН ШИЙДЛЭЭ. ХҮҮХДИЙН СЭТГЭН БОДОХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТОГЛООМУУД ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ӨГСӨН БАЙГАА.

Улаангом хот маань цэвэр цэмцгэр, өнгө зүстэй байх ёстой. Аймгийн төвийн айлууддаа зос тарааж өгснөөр хашаанууд нэг өнгөтэй болсон. Аймгийн төвийн хөгжилд нэмэр болсон энэ ажлыг Улаангом сумын ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлсэн.

Бидний нэгдмэл байж чаддаггүй, ажлаа зохион байгуулж чаддаггүй гэсэн байдлаас болж зарим ажлын хугацаа хоцролттой гарсан. Гэхдээ хийсэн ажлуудын үр дүн гарч байгаад би баяртай байгаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          – Аялал жуулчлал хөгжсөн аймаг болно гэсэн зорилгын хүрээнд хэрхэн ажиллав? Ер нь Увс аймагт аялал жуулчлал ямар түвшинд хөгжиж байна вэ?

Олон хүмүүс ирдэг газар шүү дээ. Бид үйлчилгээгээ сайжруулах хэрэгтэй. Монголд болдог томоохон аялал жуулчлалын хөтөлбөрийн нэгээр “Ойрд түмний язгуур урлагийн наадам” шалгарсан. Мөн тэмээний баярыг анх удаа БОАЖЯ, Завхан сумын ИТХ, Засаг даргын тамгын газартай хамтран хийсэн. Эхний ажил учраас гадна дотнын жуулчид хангалттай оролцож чадаагүй. Гэхдээ цаашдаа өргөжөөд давтамж нь тогтмол болоод ирэхээр жуулчид олноор оролцдог болно гэж харж байна.

          2019 ОНД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ШААРДЛАГАТАЙ БАЙГАА АЖЛЫН БАЙРНЫ СУРГАЛТЫГ ОРОН ДАЯАР ХИЙНЭ. БИД ХҮНД ҮЙЛЧИЛЖ БАЙЖ АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ БАЙДГИЙГ ОЙЛГОХ ЦАГ ИРСЭН.

Орон нутгийн аялал жуулчлалын компанийн чадавхыг сайжруулахын тулд анх удаа улсын төсөвт тодорхой хэмжээний зээлийн хүүгийн хөнгөлөлтийн төсөв суулгаж өгсөн. Энэ хүрээнд 100-гаас дээш хүн хүлээн авах чадалтай аялал жуулчлалын баазуудын үйл ажиллагаагаа дээшлүүлэхэд нь, банкнуудтай хамтран ажиллахад нь дэмжин ажиллаж ажлын байр бий болгоно.

Ажлын байр бий болгохын тулд мэргэжилгүй хүнийг шууд аваад байх биш, сургалт хийх хэрэгтэй. Энэхүү ажлыг БОАЖЯ орон даяар зохион байгуулж компаниуддаа дэм болно. Ингэснээр богино хугацаанд олон ажлын байр бий болно. Жилийн дөрвөн улиралд аялал жуулчлалыг хөгжүүлэхийн төлөө зорих ёстой. Увс аймаг маань байгаль, хил орчмын аялал жуулчлалын байрлал гэсэн давуу талтай учир жилээс жилд аялал жуулчлал хөгжиж, жуулчдын тоо нэмэгдэнэ. Харин бид мэргэжилтэй ажилтан, ажлын байраа бэлдэх хэрэгтэй. Мөн тойргийнхоо сумдын Иргэдийн хурлын дарга, Засаг дарга, багийн дарга, Тамгын дарга нарт жил бүр сургалт семинар хийж ирлээ. 2019 оныг сумдын тохижилтын жил болгоно гэж тохирсон. Энэ нь зөвхөн ингэ тэг гэж зааварлах биш бие биенээсээ туршлага авч, ажлаа тайлагнах давуу талтай. Шүүх биш хамтдаа хөгжиж дэвжих хэрэгтэй байна.

         – Увс аймагт өвөлжилт хир байна вэ? Малчдын аж байдал ямар байна вэ?

Энэ жил улсын хэмжээнд цас багатай байна. Зуншлага оройтсон ч малын тарга тэвээр сайн байна. Цаашид малын гаралтай түүхий эдийг нэмүү өртөг бий болгох дээр л анхаарах хэрэгтэй. Мах боловсруулах, мал нядлах үйлдвэрийг аймгийн хэмжээнд байгуулах шаардлагатай бөгөөд үүнд малчид нэгдэх хэрэгтэй. Ноос, ноолуур угаах, сүү боловсруулах үйлдвэр хэрэгтэй.

           ГОЛ НЬ МАЛЧДЫН ТҮҮХИЙ ЭДИЙГ АВАХ НЭГДСЭН СҮЛЖЭЭ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ТИЙМ УЧРААС 2019 ОНД ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ, ХОРШООГ УДИРДАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙГАА.

Малчдадаа «нэгдэж ажиллах, тус тусдаа биш яавал илүү ашиг шим хүртэх вэ? яавал хөдөлмөрөө хөнгөвчлөх вэ?» гэдэгт анхаарч ажиллах ойлголтыг бий болгох, нэгдэх хэрэгтэй байна. Мэдээлэл дутуу учир биенээ дэмжихгүй, буруу ойлгогдох явдал байдаг учраас үүнийг засна гэсэн зорилттой байна.

        – УИХ-н гишүүний хувьд ямар хуулийн төсөлд ажилласан бэ?

Өнгөрсөн хугацаанд яам толгойлж ажилласан учир тусгайлсан хуулийн төсөлд ажиллаж чадсангүй. Яамтай холбоотой тусгай хамгаалалттай газар нутгийг өргөтгөх, ус бохирдуулсны нөхөн төлбөрийн тухай хуулиуд, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гааль нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, агаарын бохирдлыг бууруулах агентлаг, усны агентлаг гэх мэт хуулийн төслийг бэлтгээд явж байна.

         – Аймгууд хүртэл утаатай болсон байна. Увс аймаг ямар байна вэ?

Суурьшмал бүсийн хувьд бидний ашиглаж байгаа уламжлалт галлагааны зуухандаа технологийн шинэчлэл хийхгүй бол утаатай л байна. Тийм учраас аймагтаа агаарын бохирдлыг бууруулах үүднээс улсын дэмжлэг өгөөд аймаг маань өөрсдөө шийдээд зарим техник технологийг туршиж байна. Монголчууд бид тулганаас зууханд шилжихэд 20 гаруй жил болсон.

“ШИНЭ ЭРИН”БОЛОВСРОЛ, “ШИНЭ ЭРИН” ЭРҮҮЛ МЭНД, “ШИНЭ ЭРИН”АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ “ШИНЭ ЭРИН”АЖЛЫН БАЙР, “ШИНЭ ЭРИН”НОГООЧИД, ГЭСЭН ТӨСЛҮҮД ИЛҮҮ ҮР ДҮНД ХҮРСЭН, ШАТ АХИСАН ЖИЛ БОЛНО ГЭЖ ХАРЖ БАЙНА.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

– Увс аймагт тулгамдсан ямар асуудал байна вэ?

Нэгд, цэвэрлэх байгууламж. Барилга хот байгуулалтын яам Польшийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр шийднэ гэж яригдаж байна. Бичиг цаасны асуудлаас болж хойшлогдоод байна. Энэ асуудлыг шийдэх юм бол барилга байшин баригдаад өргөжихөд илүү дэм болно. Байгальд ээлтэй цэвэрлэх байгууламж баригдаасай гэж хүсэж байна. Мөн хог, хаягдалын асуудал байна. Аймгуудад 2019 онд гинжит трактор худалдан авна гэж байгаа. Ингэснээр задгай хаясан хогийн асуудлаа өөрчлөх боломж байна. Яамны зүгээс, гишүүний зүгээс дэмжиж бодлого, арга зүйн чиглэлээр хамтран ажиллана.

– Увс аймгийн хувьд 2019 он ямар он байх бол?

2019 онд түүхэнд байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэнэ. Хүмүүсийн хэлж буйгаар Увс аймаг дангаараа хамгийн их мөнгө тавигдлаа гэсэн буруу ойлголтоор улс төр хийж байна. Энэ бол Монгол Улсын төр засаг, сонгуулиар олонхи болж ялсан МАН-ын мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа ажил юм. Есөн тэрбум төгрөгөөр Улаангом хотынхоо гэр хорооллыг дэд бүтэцжүүлэн хөгжүүлнэ. Сум болгонд томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Энэ ажлаа хийж эрчимжүүлнэ, өнгөрсөн жил гарсан алдаа оноогоо засна. Эдгээр төсвийн хөрөнгө оруулалтыг цаг тухайд нь үр дүнтэй хийж чадвал үлгэр жишээ аймаг болж орон нутагт ажлын байр бий болж, нийгмийн асуудал шийдэгдэнэ гэж харж байна.

Мөн тойргийнхоо аймгийн төвийн хоёр сургуулийг өвлийн спортын талбайтай болгох гэж байгаа. Азийн Хөл бөмбөгийн Холбооны санхүүжилтээр бас 3 дугаар сургуульд орчин үеийн хөл бөмбөгийн талбайг байгуулахаар төлөвлөсөн байгаа. Энэ ондоо ашиглалтад орно. Ингэснээр ард иргэдийнхээ эрүүл мэндэд спортоор дамжуулж хөрөнгө оруулалт хийж байгаа гэж харж байна. Байгаль хамгаалах чиглэлээр “Ногоон паспорт” аяныг санаачилан Монгол орон даяар хэрэгжүүлсэн. Увс аймгийн ногоон паспорт эзэмшигч хүүхдүүдтэй ирэх онд хамтран ажиллаж, ногоон паспортын төгөл, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, мод тарих гэх мэтийн ажлаа эрчимжүүлнэ.

Мөн Увс аймагт Герман Улсын Засгийн Газрын тэтгэлэгтэй төсөл хэрэгжинэ. Энэ нь тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах, тухайн бүс нутагт амьдарч буй ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх, ажлын байр бий болгоход томоохон хэмжээний хөрөнгө оруулалт. Энэ оны зургадугаар сараас эхлэн хэрэгжинэ. 2019 он бидний хувьд ур чадвараа сайжруулсан сургалтын жил байна. Мөн нийлж хоршиж ажил хийж болдог юм аа гэдгийг харуулна. Нийт малчид, хөдөлмөрч ард иргэдтэйгээ хамтарч чадна гэж харж байна.

Ингээд аймгийнхаа, тойргийнхоо бүх ард иргэддээ цагаан сарын мэнд хүргэе. Шороон гахай жилдээ амжилт бүтээлээр арвин байхыг ерөөе. Энэ жилийн өнгө ургац арвинтай, байгалийн өгөөжтэй жил болно гэж зурхайд буусан байна.