Н.Цэрэнбат: Ирэх онд агаарын бохирдлыг 40-50 хувиар бууруулах тооцоо гаргасан
Нийтэлсэн: 2018-12-10

2018 онд байгаль орчны салбарт хэрэгжиж байгаа 19 хуулийн давхардал, хийдлийг арилгаж, Байгаль орчны багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болголоо.

   – Танай яам 2019 онд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ? Үдэж буй онд хийсэн гол ажлаасаа ярина уу?

– Ирэх онд БОАЖЯ-ыг цахим болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Тухайлбал, аялал жуулчлалын салбарт Монгол Улс илүү олон чиглэлээр сурталчилгаа хийх боломжийг бүрдүүлсэн ухаалаг, цахим платформыг албан ёсоор нээхээр ажиллаж байна. Мөн тусгай зөвшөөрлүүдийг нээлттэй, ил тодоор олгох, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх зэрэг ажлын бэлтгэлийг хангалаа.

2018 онд байгаль орчны салбарт хэрэгжиж байгаа 19 хуулийн давхардал, хийдлийг арилгаж, Байгаль орчны багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болголоо. Мөн Засгийн газрын хуралдаанаар 2019 оны 5 дугаар сараас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглох, 2019 оны 3 дугаар сараас эхлэн нэг удаагийн нийлэг уутыг хэрэглээнээс хасах, Монгол Улсын аялал жуулчлалын чиглэлийг албан ёсоор батлуулах зэрэг тогтоолыг гаргууллаа. Аялал жуулчлалын салбарын түүхэнд байгаагүй санхүүжилт буюу 5 тэрбум төгрөгийг ирэх жилийн төсөвт суулгаж чадсан. Эдгээрээс гадна байгаль орчны салбарт хандах “Хандлагаа өөрчилье” багц ажлыг амжилттай эхлүүлж, тодорхой үр дүн гарч эхэлсэнд сэтгэл хангалуун байна.

   – “Хандлагаа өөрчилье” багц ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. Та сая үр дүн гарч эхэлсэн гэсэн?

– Манай салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, команиудад хандаж байгальд ээлтэй техник технологи ашиглах уриалга гарган, хариуцлагын менежментийн даатгалын системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Аж ахуйн нэгж, компаниуд уриалгыг маань дэмжиж, хандлагаа өөрчилж эхэлсэн. Үүний зэрэгцээ байгаль хамгаалалд олон нийтийн идэвхи, иргэдийн оролцоог хангах зорилгоор “Хандлагаа өөрчилье” багц ажлыг эхлүүлж, хэд хэдэн аяныг амжилттай зохион байгуулсан. Тухайлбал, өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бэлтгэх зорилготой “Ногоон паспорт” аяныг эхлүүлж, Ерөнхий боловсролын 778 сургуулийн эко клубын ахлах ангийн 168 мянган сурагчийг хамруулаад байна. Аянд нэгдсэн сурагчид маань “Ногоон паспорт” хөтлөн жилийн хугацаанд хог хаягдлаа ангилах, ус, эрчим хүчээ хэмнэх замаар ялгарч буй нүүрс хүчлийн хийг бууруулан байгаль орчны боловсрол эзэмших юм. “Ногоон паспорт” эзэмшигч сурагчдын зөв дадал зуршлын ачаар 2030 оноос эхлэн Монгол Улс жилд 44 сая литр куб ус, 324 сая квт эрчим хүч хэмнэж, 1.4 сая ширхэг мод тарьж, 42 мянган тонн хүлэмжийн хий бууруулж, 12 тэрбум төгрөг хэмнэх тооцоог гаргасан.

Энэхүү аяныг Дэлхийн ногоон байгууллага үнэлж, “Хамгийн олон хүнийг хамарсан байгаль хамгааллын хөтөлбөрөөр шалгаруулж, “Ногоон алим” шагнал гардуулсан нь хийж буй ажлыг маань Монголд төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөний илэрхийлэл гэж үзэж байна.

“Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд “Ногоон паспорт”-оос гадна “Цэвэрхэн наадацгаая” аяныг өнгөрсөн жил маш амжилттай хэрэгжүүлж, хоггүй, цэмцгэр наадах эхлэлийг тавьсандаа баяртай байна. Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо бидний санаачилгыг дэмжин “Цэвэрхэн наадацгаая” аянд нэгдэж, Монгол орны өнцөг булан бүрт энэхүү аян хэрэгжсэнийг та бүхэн мэдэх байх.

          – БОАЖЯ-ны гол салбаруудын ажлыг задлан асууя. Хөрс, ус, агаарын бохирдол, ой мод. Утаа хүний нүдэнд харагддаг учраас бид утааг илүүтэй ярьж байна. Утаанаас илүү хөрсний бохирдол нийслэлчүүдийг хамгийн ихээр хордуулж, бүр гамшгийн хэмжээнд хүрсэн тухай мэдээлэл байна. Улаанбаатар хотод хөрсний бохирдол яг ямар байдалтай байна вэ?

– Нэгдүгээрт, гамшгийн гэдэг үзүүлэлтийг тоо дүн шинжилгээнд үндэслэн ярьдаг болох хэрэгтэй байна. Манай иргэд өөрт нь таалагдаагүй, эсвэл ямар нэг зүйлийг өөрийн мэдрэхүйгээрээ ярьдгаас болж асуудал томорсоор байна. Хоёрдугаарт, орчны бохирдол зөвхөн байгаль орчны яамны асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид хот суурингийн стандартаа мөрдөж суурьшаагүйгээс ийм асуудалд хүрсэн. Тодруулбал, Улаанбаатар хотод оршин сууж буй насанд хүрэгсэд 50 мянга, хүүхэд 25 мянган төгрөгийн татвар төлж байж албан ёсоор нийслэлд шилжиж ирдэг байсныг Хүний эрхийн үндэсний комисс Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн шүүхэд гомдол гаргаж, цуцлуулснаар бид суурьшсан амьдралынхаа дүрмийг өөрсдөө зөрчиж эхэлсэн. Хүний эрхийн үндэсний комисс тухайн үедээ хүний эрхийн талд байсан юм шиг боловч хот суурингийнхаа хөгжлийн эсрэг талд гарсан нь өнөөдөр бий болоод буй асуудлын эхлэлийг тавьсан гэж үзэж болох юм. Өөрөөр хэлбэл, хотод ирж суурьших, амьдрах нөхцөлийг нь хүлээн зөвшөөрсөн мөртлөө нэг хүн хотод нэмэгдэх тутамд эрүүл, аюулгүй амьдрах эрхийг нь хангасан төсвийг УИХ-аар батлаагүй. Тэр эрхийг Нийслэлийн захиргаанд хүлээлгэн өгөөгүйгээс энэ асуудал гарч байгаа юм. Нөгөөтэйгүүр, мэргэжлийн байгууллагынхаа үгийг тоодоггүй, “Эдийн засаг хүндрэлтэй байна, төсөв мөнгө хэцүү байна” гэдэг шалтгаанаар мэргэжлийн байгууллагуудаа татан буулгаж ирсэн нь ч нэг шалтгаан нь юм.

  – Тухайлбал?

– “Цэвэр агаар сан”-г татан буулгаснаас хойш агаарын бохирдлыг бууруулахад ямар ч санхүүжилт төсөвлөлгүй явсаар 2016 онтой золгосон шүү дээ.

Улаанбаатар хотоос тогтоосон суурьшмал бүсээс гадна амьдарч буй иргэдэд сонгууль дөхөхөөр “Та нарт эрчим хүч тавьж, худаг гаргаж өгнө” гэсэн улстөрчдийн амлалтаас болж стандартын бус суурьшмал бүс үүсэн хөрс, агаарын бохирдлын эх үүсвэр нэмэгдсээр байгаа нь гашуун үнэн.

Бид хөгжил бол сахилга бат, зохион байгуулалт гэдгийг ойлгох хэрэгтэй. Аливаа нэг асуудлыг зохион байгуулалтад оруулах гэхээр дарангуйлж байна, бид эрх чөлөөтэй улсын иргэд гэнэ. Ингээд л хэн нэгний эрх чөлөөг хангахийн тулд нийтээрээ хохирно. Ус, хөрс, агаар төдийгүй сэтгэлгээ ч бохирдож байна. Тиймээс бид иргэдийнхээ сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй. Үгүй бол энэ л хэвээрээ байсаар байх болно.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог жил гаруй хугацаанд удирдаж ажиллахад бид дүрмээ мөрдөхөөс өөр гарцгүй гэдгийг ойлгоод байна. Улаанбаатар хотын оршин суугч хотын татвар төлдөг болох ёстой. Энэ татварыг зөвхөн нийслэлд ажиллаж, амьдардаг иргэдийн эрүүл, аюулгүй орчныг хангахад зарцуулна гэсэн хуулийн зохицуулалтыг ч хийх хэрэгтэй. Мөн Хот суурин газрын эрх зүйн байдлын тухай хуулийг хурдан өөрчилж, Нийслэлийн Засаг даргад хотын аж ахуйн бөгөөд нийгмийн асуудлыг шийддэг эрхийг нь өгөхгүй бол асуудал гарахаар аль нэг бүтэц рүүгээ шидсээр хэн хариуцлага хүлээх нь мэдэгдэхгүй байсаар өнөөдөртэй золголоо.

   – Танай яаман дээр хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

– Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах, Баянхошуу, Чингэлтэй, Хайлаастын гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Харамсалтай нь дэд бүтэцжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд иргэд газраа чөлөөлж өгөхгүйгээс шугам сүлжээний ажил нь гацаж байна. Иргэдийн санамсаргүй болон санаатай алдаанаас болж нэг ажлыг тууштай хэрэгжүүлэх боломж олдохгүй байна. Иргэд маань төр засгаас хэрэгжүүлж буй ажлыг тууштай хэрэгжүүлэх нөхцөл боломж, хугацааг өгөх хэрэгтэй. Бууз жигнэхэд хүртэл 20 минут болгох технологийн хугацаа байдаг. Үүн шиг инженерийн дэд бүтцүүдийг хийх шаардлагатай хөрөнгө, хугацаа, боломжийг бүрдүүлэх шаардлагатай шүү дээ. Иймэрхүү гацаанаас болоод төсөл хэрэгжүүлэх гэж байгаа олон улсын байгууллагууд “Төсөл хэрэгжих хугацаанд энэ шийдвэр өөрчлөгдөхгүй биз” гэж асуудаг болсон. “Өмнө нь гаргасан шийдвэрээ хэрэгжүүлээрэй, дахин бодлогын эсвэл улс төрийн ямар нэгэн өөрчлөлт хийх ёсгүй шүү” гэж сануулж байна. Төсвийн хөрөнгөөр хэрэгжих боломжгүй ажлуудыг олон улсын төслийн хөрөнгөөр хийхийн тулд Засгийн газар, Нийслэлийн захиргаа анх гаргасан шийдвэр дээрээ хатуу зогсож, хариуцлага тооцож, монгол төрийн залгамж халааг үргэлжлүүлэх хэрэгтэй байна.

Орчны бохирдлыг мэдээж богино хугацаанд бууруулж чадахгүй, үе шаттайгаар бууруулна. Агаарын бохирдлыг бууруулах богино хугацааны арга хэмжээ бол 2019-2020 онд түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахгүй байх шийдвэр. Энэ хугацаанд нийслэлийн 200 мянган гэр хороолын өрхийг сайжруулсан түлшээр хангах, шөнийн цахилгааны тарифын хөнглөлтийг 2 дахин нэмэгдүүлэх арга хэмжээг авахаар санхүүжилтийг ирэх оны төсөвт суулган ажиллаж байна. Богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй зэрэгцээд орон сууцжуулах, дагуу хот байгуулах, гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх зэрэг ажлыг тасралтгүй хийсээр байгааг иргэд маань ойлгох ёстой.

   – Хүмүүс утааг улам л ихсээд байна гэж байгаа. Мэргэжлийн хүмүүс болохоор арай багассан гэдэг. Салбарын хариуцсан сайдын хувьд тодруулж асуумаар байна. Одоо ер нь яах вэ, ямар гарц, шийдэл байна вэ?

– Агаарын бохирдлын асуудлыг гардаж хариуцдаг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо бол Засгийн газрын олон чиг үүргийг гүйцэтгэдэг. Яамдын дэд сайд нар болон холбогдох бүх агентлагын дарга нарыг хамарсан гишүүнчлэлтэйгээр бодлогын шийдвэр гаргадаг, салбар хоорондын уялдаа холбоог хангаж ажилладаг онцлогтой хороо. Сайжруулсан түлшээр жишээ авъя л даа. Манай яамны хувьд сайжруулсан түлшийг түүхий нүүрстэй ижил үнээр борлуулах татаасны асуудлыг зохицуулж байхад Эрчим хүчний яам үйлдвэр барих асуудлыг нь хариуцаж, Зам тээврийн хөгжлийн яам тээвэрлэлт, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар борлуулалтын цэг байгуулах ажлыг хариуцаж байх жишээтэй. Манай хороо өнгөрсөн хугацаанд 74 нам даралтын зуухыг нэгдсэн халаалтад холбож, 20 гаруй мянган айлыг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангалаа.

Ирэх онд нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглосонтой хообоотойгоор сайжруулсан түлшээр ард иргэдээ хангах, ирэх оны нөөцийг бэлтгэх зорилгоор төрийн өмчит үйлдвэрийн “Таван толгой түлш” компанийг байгуулж, эхний шатны шугамыг ашиглалтад оруулж, технологио жигдэллээ. Мөн өнгөрсөн хугацаанд сайжруулсан түлш үйлдвэрлэж байсан 11 аж ахуйн нэгжийг нэгтгэж, “Монголын шахмал түлш үйдвэрлэгчдийн нэгдэл” байгуулан тодорхой хэмжээнд нөөц бэлтгэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Нийслэлчүүдийн хувьд хамгийн хүнд өвөл бол 2018-2019 онд шилжих гэж хэлж болно.  Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр 2018 онд агаарын бохирдлыг бууруулахад 16.3 тэрбум төгрөг зарцуулах төсвийг батлуулсан. Энэ нь асаж буй түймэр рүү шанагаар ус цацсантай адил гээд зүйрлэчихэд нэг их буруутахгүй байх. Харин ирэх онд 75 орчим тэрбум төгрөгийг орчны бохирдлыг бууруулахад зарцуулахаар батлуулж чадсан. Энэ санхүүжилийн дийлэнхийг сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг дэмжихэд зориулах юм. Мөн шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг 2 дахин нэмэгдүүлсэн.

        – Та дээр дурьдсан даа, “Хандлагаа өөрчилье” багц ажлыг санаачилсан гэж. Харамсалтай нь монголчууд бүх бурууг төр засагт өгсөн хэвээр л байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

– Аливаа асуудлыг шийдэхэд тэр дундаа орчны бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо хамгаас чухал. Төр засгийн зүгээс шөнийн цахилгааны тарифыг хөнгөлж, цахилгааны хүчдэлийг жил ирэх бүр нэмэгдүүлж байна. Техник, технологийн шийдлийг танилцуулах мэдээллийн төв нээн ажиллуулсаар байгаа. Дулааны алдагдлыг бууруулж чадвал нийт түүхий нүүрсний хэрэглээг 30 хүртэлх хувиар бууруулах боломжтойг мэргэжлийн хүмүүс тогтоочихсон учир БОАЖЯнаас төрийн бус байгууллагуудтай хамтран “Гэр, байшингаа дулаалъя” аяныг хүйтрэхээс өмнө зохион байгууллаа. “Гэр, байшингаа дулаалъя” сэдвээр иргэдийг уриалсан видео контентууд хийж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээсэн. Таны хэлдэг үнэн, харамсалтай нь иргэд маань төр, засаг л бүгдийг хийх ёстой гэдэг хандлагатай байна. БОАЖЯ Банкуудын холбоотой хамтран дэвшилтэт техник, технологийн шийдлийг эрэлхийлж байгаа иргэдийн орлогод нь тохирсон хөнгөлөлттэй зээлийн шугамыг нээж өгөхөөр ажиллаж байна. Төрийн зүгээс чадлынхаа хэрээр иргэдэд таатай нөхцөл бүрдүүлэх ажлуудыг зохион байгуулж байгаа ч харамсалтай нь иргэд маань боломжийг ашиглахын оронд төрөөс үнэгүй “юм” нэхсээр өнөөдрийг хүрлээ. Соёлтой, дүрэм, журамтай, гоё хотыг бид өөрсдөө л цогцлооно. Буруутан хайгаад бид 20 гаруй жил боллоо. Буруутан нь өөрсдөө гэдгээ ойлгох цаг ирсэн. Тиймээс хамтдаа ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ.

     – Иргэдийн орлогод таарсан зээлийн шугамыг нээнэ, гэр хорооллын иргэдийг сайжруулсан түлшээр хангана гэлээ. Үр дүн ямар байх бол. Тоо баримт байна уу?

– Гэр хорооллын 200 мянган өрх жилд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэж байгаа бол сайжруулсан түлш хэрэглэснээр энэ хэрэглээ 3040 хувь буурна гэсэн судалгаа бий. Судалгаан дээр үндэслэсэн тооцооллоор гэр хорооллын иргэд жилд 600 мянган тонн сайжруулсан түлш хэрэглэх тооцоо гарсан. Тэгэхээр ирэх онд сайжруулсан түлш хэрэглэснээр гэр хорооллын иргэдийн түлшний хэрэргцээ хоёр дахин буурна. Үүнийг дагаад агуулагддаг хорт бодисын хэмжээ ч буурах үзүүлэлтийг урьдчилсан байдлаар мэргэжлийн хүмүүс гаргасан бөгөөд агаарын чанарын бохирдлыг 40-50 хувьд хүргэж бууруулж чадна гэж үзэж байна.

– Дунд болон урт хугацааны бодлогуудыг тасралтгүй үргэлжлүүлж байгаа гэсэн. Энэ талаар тодорхой дурьдахгүй юу?

– Засгийн газар ипотекийн зээлийн хамрах хүрээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Урт хугацаанд орон сууцжуулах, ажилгүйдлийг бууруулах ажуудлыг хийж байгаа. Өмнө нь хэлсэнчлэн УИХ-ын зүгээс Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг хурдан өөрчилж, Нийслэлийн Засаг даргад хотынхоо дүрмийг зохиох эрхийг өгөх хэрэгтэй байна.

  – Нийслэлийн иргэн ямар үүрэг хариуцлага хүлээх вэ? Орчны бохирдолд зөвхөн төр л буруутай, ажил хийхгүй байна гэсэн хандлагатай явж ирлээ?

– Гэр хорооллын иргэд дулааны алдагдлыг бууруулах арга хэмжээ авах шаардлагатай. Ялангуяа гэрт амьдардаг өрх дулаан алдагдлын 80 хувийг шалаараа алддаг гэсэн судалгаа гарсан. Монголчууд тулганаас зуух руу шилжихэд 20 гаруй жил болсон. Тэр үед захиргаадалтын арга хэмжээ авч байсан учраас соёлын довтолгооны нөлөөгөөр богино хугацаанд өөрчлөгдсөн. Гэтэл бид одоо XIX зууны сүүлч үеийн байгаа байдлаараа XXI зуунд амьдарч байна.

Одоо хэн нэгнийг буруутгаад утаа арилахгүй. Харин яаж нэгдэн нийлж, утаанаас салах вэ гэдэгт л анхааран ажиллах ёстой. Засгийн газар хийх ёстой ажлуудаа хийнэ. Иргэд дэмжиж, идэвхтэй оролцож, гэрээ дулаалж, сайжруулсан түлш, цахилгаан халаагуур хэрэглэх хэрэгтэй. Бид одоо алдахгүйгээр урагшлах ёстой. Хамтран хүчээ нэгтгэхэд үр дүн гарна гэж хэлмээр байна. Бид хангалттай “тэр энэ буруутай” гэж ярилаа. Одоо шийдлүүд гарсан, тодорхой болсон. Хэн, хэзээ, яаж биелүүлэх вэ гэж л ажиллах болно. Засгийн газраас 8 хувийн зээлд хамрагдах хувийн орон сууцны шаардлагыг боловсруулсан. Гэр хорооллын 200 мянган өрх ямар ч стандартгүй гэр, байшин, зуухтай байна. Энэ нь хөгжлийн стандарт гэдэг дүрмийг бид мөрдөж чадахгүй байгаагийн нэг илэрхийлэл. Үүнийг үе шаттай засна. Та дулааны алдагдалтай байшин, гэртэй бол дулаал. Харин Засгийн газраас үүнд тань тусалж, хөнгөлөлттэй зээлийг банкаар олгоё гэдэг боломжийг нээж өгье гэж байгаа. Нийслэлд 200 мянган яндан байгаагийн 80 мянга нь монгол гэрийнх. Гэр бүр өөр дулаалгатай, эсгий, хөвөн, цаас, гялгар уут байна. Гэтэл бидний асуудлыг шийдэж өгье гэж байгаа олон улсын мэргэжилтнүүд “Танай Монгол гэрийн радиус, шалны хийц, дулаалгын материал бүгд өөр байна, та бүхэн нэг стандарт батлах хэрэгтэй байна” гэдэг. Бид хөгжлийн бус, стандартын биш орчинд амьдраад байна. Тиймээс манай яам зээл хүсч байгаа иргэдэд зориулж стандарт батлуулсан. Орон даяар стандартыг таниулах ажлыг удахгүй зохион байгуулна. Үүнээс хойш иргэд стандартын дагуу ард байшингаа барьж эхлэх ёстой.

   – Бид өнгөрсөн жил Америкт очиход тэнд орон сууц барьж буй монголчуудтай уулзсан юм. Тэд бидэнд АНУ-д орон сууц барихад мөрдөх стандарт гээд нэг зузаан ном үзүүлсэн. Энэ л стандартыг мөрдөнө, түүгээр барьсан эсэхийг Мэргэжлийн хяналтын хүмүүс нь ирж шалгадаг. Манай улс ч барилгын нэг стандарттай болох хэрэгтэй гэж монголчууд маань хэлж байсан шүү. Энэ жишиг рүү орж байгаа гэж ойлгож болох уу?

– Тэр бол хөгжлийн стандарт. Бид тийшээ л явж байна. Стандартыг нь баталчихаад үүний дагуу барьсан орон сууцыг ногоон зээлд хамрагдах боломжоор хангая, 8 хувийн зээлд оруулах шаардлага тавья гэдэг жишгээр явна. Яам бодлогоо барина, Нийслэлийн удирдлага, агентлагууд хэрэгжүүлэх үүргийг хүлээнэ.

      – Улаанбаатар хотын ундны цэвэр усны нөөц маш бага үлдсэнийг дэлхийн банкны судалгаа харуулсан. Ямар арга хэмжээ авч байгаа бол?

– Дэлхийн банкнаас анхаарах ёстой гэсэн санамж өгсөн. Сүүлийн 10 гаруй жил цэвэр усны хайгуул, олборлолтод дорвитой мөнгө зарж чадаагүй. Одоогийн байгаа нөөцөө нэмэгдүүлэх чиглэлээр нэмэлт хайгуул хийх ёстой. Бүх зүйл муугийн туйл болоогүй. Шинжлэх ухаан хөгжчихлөө. Техник технологийн ололтыг хурдан нэвтрүүлье. Улаанбаатар хотын дагуул хот байгуулъя. Нийслэлийн усны нөөц дуусах түвшинд орсон эсэхийг судалж, усны нөөцтэй дагуул хотыг эрж хайх бодлого төлөвлөсөн. Ер нь худал, үнэн мэдээлэл ярьж, сургаар асуудалд ханддаг, иргэдийг төөрөгдүүлдэг байдлаа зогсоох цаг болсон. Шинжлэх ухаанч бус мэдээллийг түгээсэн иргэд, ААН-тэй хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна. 2019 онд Усны агентлагийг байгуулна. Тус агентлаг Монгол Улсад мэргэжлийн нүдээр усыг хайна, ашиглана. Цаашид бодлогоо барьж явах юм.

Бид ус бохирдуулсны нөхөн төлбөрийн тухай хуулийн хэлэлцүүлгийг хийсэн. Хэн усыг замбараагүй ашиглаж байна, тэр хүн илүү мөнгө төлнө. Саарал ус ашиглаж байгаа аж ахуйн нэгж дээрх төлбөрөөс хөнгөлөгдөнө. Уул уурхай дээр усыг дахин ашиглах технологийг нэвтрүүлбэл байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нь батална гэж байгаа. Байгальд ээлтэй шинэ технологи оруулж ир гэж л шахаж байгаа.

– Аялал жуулчлалын салбарын бодлого ирэх онд ямар байх вэ. Нэг сая жуулчин авчрах бодлого хэзээ хэрэгжих вэ?

– Аялал жуулчлал Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл байх ёстой гэдэг байр суурьтай байгаа. 2020 он гэхэд жилд 1 сая жуулчин хүлээж авдаг болох зорилтыг дэвшүүлээд байгаа. Аялал жуучлалын салбарт 2019 онд гурван том ажил хийнэ. Салбарын хүний нөөцийг сургана. Хөтөчүүдэд орос, англи, хятад гурван хэлээр ярьдаг байх шаардлага тавьж эхэлж байгаа. Эрүүл ахуйн стандартыг сайжруулна. Ийм бодлого хэрэгжүүлж байж аялал жуулчлал бизнесийн бүрэн шинж чанартай болж хөгжинө. Одоо бол улирлын байдалтай учраас хавсарсан ажлууд гүйцэтгэж байна. Ирэх онд орон нутгийн зургаан нисэх буудлыг олон улсын шинж чанартай болгоно. Автозамуудыг шинэчилнэ. Агаарын тээврийн компаниудад дэмжлэг үзүүлнэ. Салбарын аж ахуйн нэгжүүдийг урт хугацааны санхүүгийн дэмжлэгээр дэмжинэ. Ингэснээр аялал жуулчлалыг эдийн засгийн тулгуур салбарын нэг болгож чадна гэж үзэж байгаа. Аялал жуучлалын салбарын бодлого, төсөл хөтөлбөрүүд батлагдвал дээрх ажлууд үе шаттай хэрэгжээд эхэлнэ. Аялал жуучлалын нэг давуу тал нь оролцсон хүн бүрт орлого нь очдог. Ажилгүйдлийг бууруулахад хамгийн том түлхэц өгдөг салбар. Бүсчилсэн хөгжил төвлөрлийг сааруулахад бас давуу талтай. Улиралын чанартай аяллаас 4 улиралд ажиллах аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгож хөгжүүлэх хэрэгтэй.

БОАЖЯ Дэлхийн аялал жуулчлалын байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Үүний нэг нь Дэлхийн аялал жуучлалын партнер, Мастер карт, IBM зэрэг компаниуд. Биг дата буюу аялал жуучлалын статистикт тулгуурласан мэргэжлийн багуудын зөвлөх үйлчилгээний үр дүнд богино хугацаанд тавьсан зорилтдоо хүрч ажиллах боломж нээгдэнэ. Тэдэнд олон оронтой хамтарч ажилласан туршлага, тоо баримт байна. Бусад улс орны алдаанаас зайлсхийх боломж манайд байгаа.

Туул голын дагуу аялал жуулчлалын бүсийг бий болгох ажлыг 2019 онд эхлүүлнэ. Бид хэзээ эхлээд хэзээ дуусах вэ гэдгийг тодорхой ярьж сурахгүй бол олон улсын нэршлээр хэлээр бид хоцрогдоод байна. Хамгийн сүүлчийн нүүдэлчид гэдэг статусандаа одоо ч байна. Хууль эрхзүйн өөрчлөлтөө одоо хийгээд тендер зарлаад хэрэгжүүлэх ёстой. Нийслэлд аялал жуулчлалын амралт чөлөөт цогцолборыг л байгуулах гээд байгаа юм.

       – Энэ жил хичнээн жуулчин авсан бэ? 2019 онд хэдэн жуулчин авах вэ?

– Энэ жил 507 мянган жуулчин хүлээж авсан байна. Ирэх онд 600 мянга руу дөхөх болов уу. Хил орчмын аялал жуучлалыг хөгжүүлж, 1 сая жуулчин хүлээж авахаар зорин ажиллаж байна.