Хэлснээ хэрэгжүүлэгч
Нийтэлсэн: 2019-04-04

Агаарын бохирдлын хэмжээгээр тэргүүлэгч хотуудын нэгээр Улаанбаатар тодорч байсан саяхан. Тэгвэл өнөөдөр Монголын нийслэл утаагүй болж, иргэд үндсэн хуулиар олгогдсон эрүүл, агаарын бохирдолгүй орчинд амьдрах эрхээ эдлэх бодит боломж бүрдлээ. Үүний тулд Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа салбарын яамны үйл ажиллагаа ончтой, зөв байсныг хэн хүнгүй л хүлээн зөвшөөрч байна.

Эргэн санахад Н.Цэрэнбатыг БОАЖ-ын сайдын албанд томилогдоход “Энэ залуу олон жилийн хур асуудал болох Улаанбаатарын агаар, хөрсний бохирдлыг шийдэхэд дөмөгхөн шиг анхаарч ажиллах болов уу, яах бол” гэсэн хүлээсэн хандлагыг илэрхийлэх хүмүүс байсан. Харин түүний хувьд утааг арилгахын тулд улс төржилтөөс татгалзахыг бусдад уриалж, ханцуй шамлан ажилдаа орж байв. Үр дүнг нь өнөөдөр та бид нүдээрээ харж, амьсгалаараа мэдэрч буй. Монголын төр утаатай тэмцэх чиглэлд сүүлийн 10 гаруй жилийг зориулсан. Зарцуулсан мөнгөний хэмжээг нь харвал 2008-2016 оны хугацаанд гадаад эх үүсвэрээс 153,3 сая ам.доллар, дотоод эх үүсвэрээс 164,1 тэрбум төгрөг “урссан” байдаг. Гэсэн ч дорвитой шийдэж чадаагүй байсан. Тэгвэл Н.Цэрэнбат сайдаар удирдуулсан БОАЖЯ бусад холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагаа, уялдаа холбоо сайн байсны үр дүнд Улаанбаатарчууд утааны зовлонгоос ангижирлаа. Түүнд браво гэж хэлье.

“Дэлхийн эдийн засгийн форум”- аас хоёр жил тутам гаргадаг аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индексээр манай улс өмнөх тайлангаас есөн байраар урагшилсан нь мөн л Засгийн газар, тэр дундаа салбар яамны үйл ажиллагаа “бай”-гаа онож буй баталгаа боллоо.

Өнгөрсөн оны байдлаар манай улс аялал жуулчлалын салбараас 569 сая ам.долларын орлого олсон нь 2017 оныхоос 42%-иар нэмэгдсэн үзүүлэлт болсон. Н.Цэрэнбат сайдын хувьд өнгөрсөн хоёр жилд МУ-ын аялал жуулчлалын салбарыг хариуцан ажиллахдаа шийдлийг том зургаар нь харж, урагшилж буйг эхэнд дурдсан индексийн өсөлт баталж байгаа хэрэг.

Ордост Чингис хааны ташуураа унагасан газрыг хүртэл хот болгон жуулчин татаж байхад бид өөрсдийн нөөцөө ашиглах ёстой гэж тэр хэлсэн. Хэлснийхээ дагуу ажиллаж байна. Азийн хөгжлийн банкны 19 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Хөвсгөл нуур орчмын бүсийг аялал жуулчлалын жишиг бүс болгон хөгжүүлэх төсөл гараанаас гарсан. Хэнтий аймагт “Мянганы суут хүн их эзэн Чингис хаан” цогцолборыг байгуулах гэж байна. Өөр хэд хэдэн чухал төслийг хөрсөн дээр буулгахаар мэрийж буй нь угтах жилүүдэд улс орны эдийн засагт жин дарах нөлөөг үзүүлэх хүлээлт бий.

VIP ЭКСПЕРТ сэтгүүл 2019.12.05