МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
“2021 оноос манай оронд хур борооны татралтын мөчлөг эхлэхийг судлаачид анхааруулсаар байна. Монголд 1575-1593 онд 18 жил хур татарч, гол, булаг, шанд ширгэн, бэлчээр хатаж, цөлжилт явагдсанаас болж 450 мянган айл өрх баруун тийш нүүдэллэсэн нь одоогийн халимагууд аж. Хамгийн сүүлд гэхэд 1996-2007 онд 11 жилийн турш үргэлжилсэн хур борооны мөчлөг татрах үед Хангайн нуруунаас эх авсан Онги, Таац, Түйн голын ус багасаж, Улаан, Таац, Бөөнцагаан, Адгийн цагаан зэрэг олон нуур, цөөрөм, баянбүрд ширгэсэн. Гэтэл манай орны нутаг дэвсгэрт унадаг нийт хур тунадасны 68 хувь нь гадагш урсаж, үлдсэн нь ууршдагийг эрдэмтэд судалгаагаараа баталсан. Өөрөөр хэлбэл, бид газрын гадаргын усыг хуримтлуулж чаддаггүй тул хур бороо татрах мөчлөгөөс үүдэлтэй эрсдэлд бэлэн биш гэхэд хилсдэхгүй.” хэмээн 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Өнөөдөр” сонин ч нийтэлжээ.
Ингэснээр Монгол орны усны салбарын салбар дундын зохицуулалтыг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар байгуулагдах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.
Усны нөөц харьцангуй багатай, нөөцийн хуваарилалт жигд бус манай орны ус ашиглалтын өнөөгийн хандлагыг эрс өөрчлөх, усны менежментийг оновчтой зохион байгуулахад хүчтэй, чадварлаг, үр дүнтэй засаглалыг дэлхий нийтийн жишгийн дагуу нэн даруй хөгжүүлэх нь чухал байна.
Монгол улсад усны асуудлыг нэгдмэлээр хариуцан зохицуулах бие даасан институт байхгүй байгаа нь салбар дундын нэгдсэн зохицуулалт алдагдаж, тухайн салбар бүр өөрийн үзэмжээр бие даасан, салангид бодлого, үйл ажиллагаа явуулах нөхцөл байдалд хүргээд байгаа бөгөөд усны салбарын цаашдын хөгжил, бодлогыг нэгдмэлээр авч үзэх, үүсээд байгаа болон цаашид гарах нөхцөл байдлуудад оновчтой шийдэл гаргах чадамж дутагдаж, усны салбарын томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжихэд сөргөөр нөлөөлж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 05 сарын 04-ний УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр усны бодлогыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг Засгийн газрын зохистой бүтцэд тулгуурлан байгуулах хэрэгцээ шаардлага байгаа талаар дурьдаад, 2010 онд батлагдсан “Ус” үндэсний хөтөлбөр одоо хүртэл хэрэгжээгүй, тус хөтөлбөрт зааснаар 2021 он гэхэд дараахь арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд:
Усны тоо бүртгэлийн 2007 оны дүн мэдээгээр улсын хэмжээнд 5’121 гол горхины 887 нь, 9’320 булаг шандны 2’096 нь, 3’723 нуур цөөрмийн 1’166 нь хатаж ширгэсэн байдаг. Монгол орны гадаргын усны ууршилтыг 2020 онд 39-66 мм, 2050 онд 50-72 мм, 2080 онд 106-193 мм болно гэсэн тооцоо байна. Өнөөдөр монгол орны нийт нутаг дэвсгэрийн 77% хуурайшиж, цөлжин ой хээрийн түймрийн давтагдал нэмэгдэж, ойн хөнөөлт шавжийн тоо ихэссэн зэрэг аюултай үзэгдлүүд гарах болсон.
Хуулийн төсөл боловсруулахтай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дотоод бүтэц дэх усны асуудал хариуцсан нэгжид ажиллаж байгаа орон тооны дийлэнх хэсгийг энэ хууль батлагдсаны дараа шинээр байгуулагдах бүтцэд шилжүүлэх буюу төсөвт дарамт үүсгэхгүйгээр, батлагдсан төсөвт багтаан зохион байгуулахаар тусгажээ.
Усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулах, Усны үндэсний хороог бэхжүүлэх, Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлогын зарцуулалтыг сайжруулах, Гадаргын усыг түлхүү хэрэглэх, Усны хяналт-шинжилгээний сүлжээг орчин үеийн дэвшитэд сүлжээг ашиглан өргөжүүлэхэд Усны агентлаг байгуулах зайлшгүй шаардлага бий болоод байсан юм.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд болон Ажлын хэсгийн гишүүд дараахь байр суурийг илэрхийлж байсан юм.
Ж.Бат-Эрдэнэ Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн: “Бодлогыг хэрэгжүүлэх агентлаг байх шаардлагатай гэж үзэж байгаа. Орон нутагт бодлогыг хэрэгжүүлдэг алба зайлшгүй байх ёстой. Одоогоор сав газрууд гүйцэтгэнэ гэж байгаа. Булганд таван сав газар бий. Гэтэл говийн нутагт сав газар гэдэг нэгж байхгүй. Тэгэхээр энэ асуудлыг эргэн харах шаардлага бий.”
Б.Саранчимэг УИХ-ын гишүүн: “Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсийг баталснаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрыг байгуулах эрх зүйн орчин бүрдэх юм. Ингэснээр Монгол орны усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах, улс орны хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн усан хангамжийн асуудлыг нэгдсэн удирдлагаар ханган шийдвэрлэх боломж бүрдэнэ.”
Ш.Мягмар БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга: “Монгол Улсад усны талаар төрөөс баримтлах олон баримт бичиг байгаа ч гэсэн усны салбар ямар ч бодлогогүй мэт явж ирсэн нь үнэн. Цаашлаад Туул голыг улсын тусгай хамгаалалт авах тухай анхаарал хандуулах шаардлага үүссэн. Тусгайлсан хууль батлах хэрэгцээ байгаа. Бид шат шатны судалгаа хийж байна. Мөн усны салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажлыг МУИС, ШУТИС, ХААИС-д бэлтгэж байна.“
Н.Амарзаяа УИХ-ын гишүүн: “Усны агентлаг байгуулахаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгааг дэмжиж байна. Говьд усны асуудал эмзэг болсон. Ийм нөхцөлд хяналтын механизмыг сайжруулах шаардлагатай. Жилд 500 сая м/куб гүний усыг Монгол Улс ашиглаж байхад усны хуримтлагдсан нөөц нь 564.8 мянган км/куб байна. Тэгэхээр нийт хэрэглээний 80 хувийг гүний ус эзэлж байна гэсэн үг. Газрын гадаргаас хэрэглэж байгаа уснаас 900 дахин их усыг газрын гүнээс ашиглаж байна. Тэгэхээр дэлхий нийтийн түвшинд хүрч ажиллах ёстой”
А.Сүхбат УИХ-ын гишүүн: “Усны агентлагийг татан буулгасан. Энэ нь барьж байгуулсан зүйлээ нураасан, бий болгосон боловсон хүчнээ тараасан гэсэн үг. Усны газар агентлаг цаашдаа усны хомсдол бэлчээрийн доройтол байгаль орчинд үүсээд байгаа хор холбогдолтой асуудал дээр гол үүрэгтэй ажиллах ёстой. Монгол улс нийт усны хэрэглээнийхээ 80 гаруй хувийг газрын доорх усаар шийдэж байгаа. Монгол Улсын хэмжээнд хэдэн гар худагтай вэ?Хэдэн гүний худагтай вэ? Усны агентлаг байгуулсанаар хөв цөөрөм байгуулах газрын доорх усны нөөцөө хамгаалах нөхцөл бүрдэх боломжтой болно.”
Ц.Соёлмаа